АНУ-ын жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вильсоны хамт Австрали улсад кино зураг авалтын ажлаар явж байгаад Ковид-19 коронавирусийн халдвар авсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Түүний шүтэн бишрэгчид хурдан эдгэхийг ерөөж, сэтгэлийн дэм өгч байсан бол жүжигчин эхнэрийн хэмт эмнэлгээс гарсан тухай мэдээлжээ.
Тэд эмнэлгээс гарсан ч вирус бүрэн устаагүй байж магадгүй тул Күйнслэндэд түрээсэлсэн гэртээ өөрсдийгөө тусгаарлаж байгаа юм байна. Том удахгүй дэлгэцнээ амилах Rock and Roll-ын хаан Элвис Преслигийн амьдралаас сэдэвлэсэн кино уран бүтээлд ажиллахаар Гөүлд Коастад ирсэн ч вирусийн шинжилгээгээр эерэг хариу гарсан билээ. Австрали улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 375 тохиолдол бүртгэгджээ.
Жүжигчний хэлснээр бага зэрэг ядрах мэдрэмж төрсөн ба биеийнх нь зарим хэсэгт янгинаж, хөнгөн ханиалгаж, бага зэрэг халуурч эхэлсэн байна. Олоны танил жүжигчдээс Британийн дуу зохиогч, жүжигчин Идрис Элба коронавирусийн халдвар авсан гэдгээ нийтэд зарлаж, шинж тэмдэг илрээгүй биеийн байдал нь хэвийн байгаа бөгөөд огт цочирдож, айж сандраагүй гэсэн юм.
Австрали улсын Засгийн газар даваа гарагаас эхлэн улс оронд нь ирсэн бүх хүнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэр гаргажээ. Коронавирусээр халдварлагсад дэлхийн 162 улс, тусгай бүсэд бүртгэгдэж, 182,700 хүнд илэрч, 7,173 хүн нас барсан байна.
Эх сурвалж: ВВС