Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын дүн мэдээллийн талаар танилцууллаа.
-"Номин тав трейд" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон. Учир нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиг үүргээ умартан махны үнээ 03-р сарын 10-ны өдрөөс хонины ястай махыг 1кг тутам 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 1кг тутамд нь 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 1кг тутамд нь 3500 төгрөгөөр нэмсэн байна.
Тухайлбал, Үхрийн мах нэг кг нь 14 499 байсныг 17 999 мянга болгон нэмсэн байна. Худалдааны хууль бус аргыг хэрэглэн үнээ нэмсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль ноогдуулсан.
Өнгөрсөн жил "Эм Си ЭС кока кола" компани өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг жүүс, ундааг нэг үнээр борлуулах гэрээг "Номин тав трейд" ХХК, "Монниддер" ХХК, "Скай хайпермаркет" ХХК-тай байгуулсан. Гэвч энэ нь гэрээнд заасан үнээр хэрэглэгчдэд борлуулах боломжгүй болгосон бөгөөд өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Эм Си Эс ХХК-д, 1,2 тэрбум төгрөгийн торгууль, Номин тав трэйд ХХК-д 67,8 сая, Мон ниддер ХХК-д 11,9, Скай хайпер маркет ХХК-д 11,6 сая төгрөгийн торгууль тус тус ногдуулсан. Гэвч Эм Си Эс компани хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шүүх энэ онд ШӨХТГ-аас ногдуулсан торгуулийг хэвээр үлдээсэн.
Роснефть компанийн хилийн үнэ буурсан ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа учир Роснефтээс шатахуун импортлогч ААН-үүдэд шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн.
Роснефть компанийн гадаад хилийн үнэ 2020 оны 03-р сард А80 -539 доллар/тонн, АИ92 -569 доллар/тонн, Дизель түлш- 566 доллар/тонн болж буурсан.
Энэ нь өнгөрсөн 02-р сартай харьцуулахад А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 доллар, дизель түлш 86 доллараар тус тус буурсан байна.
АМГТГ-ын мэдээлэлд А80-1730 төгрөг, АИ92-1835 төгрөг, дизель түлш -2460 төгрөг байна.
Бид олон улсын аргачлалаар тооцож үзэхэд А80 литер тутамдаа 198 төгрөг, АИ92 бензин 192 төгрөг, дизель түлш 335 төгрөгийн ашигтай байна.
Иймд ШӨХТГ-аас хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн өөрийн салбар, харьяа нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэнгийн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, мэдээллийг 03-р сарын 22-ны дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүллээ.