Монголын хип хоп хөгжмийн залуу үеийн төлөөлөл болсон залуус “Урлаг Монголд хөгжихийн төлөө” уриатайгаар хөгжмийн ертөнцөд салхи хагалж, шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирсэн.
Ингээд Реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нар нэгдэн “Надад хамаагүй” хэмээх шинэ уран бүтээлээ энэ сарын 9-нд цацсанаас хойш 222.447 үзэлттэй байгаа юм.
Энэхүү дуу нь “Надад хамаагүй” хэмээх залуусыг “сэрээх” аяны эхлэл болж буй бөгөөд клипийн нэг үзэлт бүрийг гурван төгрөгөөр үнэлсэн юм. Ингээд долоо хоногийн дараа энэхүү дууг хэчнээн хүн үзсэнтэй дүйцэхүйц мөнгийг уран бүтээлчид өөрсдөөсөө гарган Онцгой байдлын ерөнхий газарт хандивлахаар болсон юм. Энэхүү клипийг цацсанаас хойш 222.447 хүнд хүрч, долоо хоногийн хугацаанд сонсогчдоос нэг сая төгрөг цугласан байна. Уг мөнгийг өнөөдөр реппер залуус Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.
Реппер Pacrap буюу Х.Ундрах:
“Надад хамаагүй” дуугаараа бид залуусын “надад хамаагүй” гэх хандлагыг өөрчлөх аян эхлүүлсэн. Дууныхаа нэг үзэлтийг гурван төгрөгөөр үнэлж, долоо хоногт цугласан сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа. Энэхүү хандивыг нийт сонсогчид маань өгч байгаа юм. Хэдийгээр бага хэмжээний мөнгө ч гэлээ, бидний сэтгэлийн хандив бөгөөд залуустаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг зорилоо.
Реппер 168 буюу Х.Тэнгис
“Надад хамаагүй” аянаар бид залуусын хандлагыг өөрчлөх зорилготой. Ер нь залуус бидний хийж буй үйлдэл зөв эерэг хандлагатай байж чадвал маш том өөрчлөлт авчирч чадна.
Энэ утгаараа бид шинэ уран бүтээлээ “Надад хамаагүй” гэж нэрлэсэн билээ. Залуусын нийгэмд авчирч буй өөрчлөлт нь эерэг байгаасай.
Тэдний энэхүү дуу нь “Надад хамаагүй” хэмээх залуусын аяны эхлэл болж байгаагаараа онцлогтой. Аяны хувьд цаашдаа олон уран бүтээлч, нийгэмд нөлөөлөгч залуусын дуу хоолойгоор дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодол, сонголттой байхыг уриалан ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар Улсын онцгой байдлын комиссын дансанд нийт 360 гаруй аж ахуй нэгж байгууллагаас нэг тэрбум 300 сая төгрөгийн хандив цуглажээ. Мөн 20 гаруй аж ахуй нэгж иргэнээс 390 сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хандивлажээ. Хандивт цугласан тусламжийг цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмнэлгийн ажилчдад хэрэгтэй тусламжийг хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.