АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс оронд нь нүүрлээд буй Ковид-19 коронавирусийн хямралтай холбогдуулан өчигдөр мэдэгдэл хийлээ. Түүний үзэж байгаагаар вирусийн тархалт бүхэл зуны турш буюу, ирэх намар хүртэл улс орон даяар үргэлжилж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Түүнчлэн тархалтыг намжаахын тулд ирэх 15 хоногийн хугацаанд 10-аас дээш хүн цугласан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, цэнгээний газар, зоогийн газар, түргэн хоолны газрууд, бялдаржуулах төв зэрэгт очихгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. Одоогоор АНУ-д халдварын 4,663 тохиолдол бүртгэгдэж, 86 хүн нас баржээ.
Ерөнхийлөгч яриагаа үргэлжлүүлэн АНУ нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй дайсантай нүүр тулж байна хэмээсэн байна. Дэлхий даяар халдварын 182,000 тохиолдол 162 улс орон, бүс нутагт илэрч, 7,150 хүн нас барлаа.
Америкийн Засгийн газрын төлөөлөгч Дебора Бөрксийн үзэж байгаагаар халдварын тархалт идэр насныхан буюу 25-35 насныхны дунд явагдах эрсдэл өндөр тул энэ насны иргэдийг нийгмийн харилцаа холбоогоо тасалж эрсдэлээс хамгаалаахыг уриалжээ.
Мягмар гарагийн өглөөг Америкийн хөрөнгийн бирж тийм ч таатай мэдээллээр угтсангүй. 1987 оноос хойш анх удаа хөрөнгийн биржийн ханш 12 хувиар буурсан үзүүлэлтийг харуулжээ. Улсын 40 мужид коронавирустэй холбогдуулан онц байдал зарлаж, 29 мужид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна. Сая сая америкчууд гэрээсээ сурч, ажиллаж байгааг эх сурвалж онцолжээ.
Эх сурвалж: ВВС