Алибаба цахим худалдааны сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Ма АНУ-д коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа үед амны хаалт, коронавирусийн оношлуур хандивлажээ. Хятадын тэрбумтан тусламжийн барааны эхний ээлжийг Шанхайн онгоцонд тээвэрлэж буй зургийн цахим сүлжээнд байршуулсан байна.
Тэрбээр энэ сарын эхэнд хийсэн мэдэгдэлдээ коронавирусийн 500,000 оношлуур, нэг сая амны хаалт АНУ-д бэлэглэхээ мэдэгдээд байсан юм. Тэрбумтны бэлэг үүгээр тогтсонгүй Жэк Ма халдварын дараагийн голомт болоод буй Европт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгсэл илгээж, цар тахал Ковид-19-тэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал гэдгийг уриалжээ.
Азийн хамгийн чинээлэг эрхэм Жэк Магийн сан болон Алибаба сангууд хамтран Япон, Өмнөд Солонгос, Итали, Испани зэрэг шинэ коронавирусийн халдвар тархсан улс орнуудад хоёр сая амны хаалт илгээгээд байгаа юм.
Түүнчлэн Микрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, дэлхийн хоёр дахь чинээлэг эрхэм Билл Гэйтс Билл болон Мелинда Гэйтсийн сангаас вирусийн тархалтыг зогсооход 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Гэйтс Микрософтын удирдах зөвлөлөөс нэрээ татаж хандивын үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, цаг хугацаа зарцуулах болсноо мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр дэлхийн нийтийн эрүүл мэнд, хөгжил, боловсрол, цаг уурын өөрчлөлтөд илүүтэй анхаарахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС