АНУ-д Ковид-19 халдварын тохиолдол 4,000 дөхөж, 69 хүн нас барсантай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йорк хот урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Хотын дарга Билл дэ Бласио аймшигт аюул нүүрлэж буй тул дайны үеийн бэлэн байдалд шилжиж, хариуцлагатай хандах ёстой гэдгийг уриалсан байна.
Өнөөдрөөс эхлэн хотын бүрэн дунд боловсролын сургуулиуд, зоогийн газрууд, үдшийн цэнгээний газрууд, кино театрууд, үзвэр үйлчилгээний газруудыг хаалаа. Найман сая гаруй хүн амтай их хотод 53-82 насны таван хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байгаа юм.
Нью-Йорк хотын захирагчийн мэдэгдсэнээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн сар гаруйн хугацаанд буюу наад тал нь дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл олон нийтийн сургуулийг ажиллуулахгүй байх шийдвэр гарчээ. Мөн хотод үйл ажиллагаа явуулдаг 27,000 зоогийн газрын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүргэлтийн үйлчилгээг санал болгосон байна.
Нью-Йоркоос гадна Лос Анжелес хот зоог, цэнгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ. Улсын 29 мужид бүрэн дунд боловсролын сургуулиудыг хаасан байна. Америкийн халдварт өвчний хяналтын төвөөс 50 болон түүнээс дээш хүн цугласан арга хэмжээнүүдийг хориглохыг уриалж, ирэх найман долоо хоног буюу хоёр сарын хугацаанд хорио цээр үргэлжилж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европыг шинэ коронавирусийн халдварын голомтоор нэрлэснээр Трамп Европын Холбооны орнууд, Их Британи, Ирландаас нислэг хүлээж авахаас татгалзсан. Түүнчлэн нисэх буудлуудад зорчигчдыг дэлгэцээр хянах ажил явагдсанаас хэт бөөгнөрөл үүсээд байна.
Эх сурвалж: ВВС