Итали улсад Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол 24,747 бүртгэгдэж, 1,800 гаруй хүн нас бараад байна. Улс орон даяар хөл хорио тогтоож, цар тахлын эсрэг тэмцэж байгаа 62 сая иргэн гэртээ хоригдож буй нэгэндээ сэтгэл санааны дэм үзүүлж тагтан дээрээсээ эх орны дуу дуулцгаажээ.
Тус улсын Засгийн газар хүнсний дэлгүүр, банк, эмийн сангаас бусад бүх газрын үйл ажиллагааг зогсоож иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсны дараа хөршүүд тагт, цонхон дээрээ гарч хамтран эх орны дуу дуулж буй бичлэгүүд цахимд орчинд цацагдаж байна. Тэд энэ дуугаараа халуун дотно сэтгэгдэл төрүүлж, хүнд бэрхийг даван туулж буй нэгэндээ сэтгэл санааны дэм өгөхийг хүсчээ.
Хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай өдөр, шөнийн цагт хоосорсон хэдий ч “Andrà tutto bene” буюу бүх зүйл сайхан болно гэсэн уриалгыг тарааж байна. Хятадын дараа халдварын хоёр дахь том голомт болсон Итали улсад энэ зовлонг туулсан Хятадын иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн “тэмцлээ үргэлжлүүлээрэй, хүчтэй байгаарай” гэсэн цахим зурвасуудыг илгээсээр байна.
Эх сурвалж: The Guardian