Японы иргэн 30 настай Сатоши Уемацуд хөгжлийн бэрхшээлтэй, хэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоох чадваргүй, эрх нь зөрчигдсөн 19 хүний амь насанд халдсан хэргээр цаазын ял оноосныг эх сурвалжууд мэдээлжээ. Нийслэл Токио хотын орчимд байрлалтай Сагамихарагийн асран хамгаалах төвд ажиллаж байсан эрэгтэй хохирогчдыг хүйтэн зэвсгээр, онц хэрцгийлэн амь насыг нь хороосон гэж шүүхээс үзсэн байна.
2016 онд гарсан уг гэмт хэрэг улс орны түүхэнд тохиосон хар үйл явдлуудын нэг байсан бөгөөд ард иргэдийг хүндхэн цочролд оруулж байсан юм. Гэмт хэрэгтэн цаазын ял сонсохоос өмнө Майничи Шимбун сонинд өгсөн ярилцлагадаа “тэдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьд явах эрхгүй. Би нийгмийн ашиг сонирхлын төлөө тэднийг хөнөөсөн” хэмээн ярьжээ.
Ёкахама дүүргийн шүүх гэмт хэрэгтэнг дүүжилж цаазаар авах шийтгэл оноосноо өнөөдөр зарласан байна. Гэмт хэрэгтэн өөрт нь ямар ч ял оноосон давж заалдах шатны шүүхэд хандахгүй хэмээн мэдэгдэж байжээ.
Гэсэн ч түүнийг өмгөөлж байсан хуулийн багийнхан гэмт этгээдийг хэрэг үйлдэх үедээ эмийн нөлөөнд орсон, сэтгэцийн хувьд эрүүл биш байсан тул гэмт буруугүй хэмээн хамгаалсан байна. Өмгөөлөгчийнх нь хэлснээр хэрэг гарах үед марихуан татсан байсан учир сэтгэцийн хувьд мансуурсан байсан гэжээ. Аймшигт үйл явдлын дараа гэмт этгээдийн цусанд хийсэн шинжилгээнээс марихуан илэрчээ.
Прокуроруудын зүгээс Уемацу гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн доголдолгүй, хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний эрүүл байсан ба дээрх үйлдэл нь хүнлэг бус, уучилж өршөөх аргагүй хэрэг хэмээн буруутгасан юм.
Уемацугийн хэрэг түүхэнд бичигдсэн хар хэргүүдийн нэг төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс хэрхэн анхаарч буйг сануулсан үйл явдал болсон юм. Тэдгээр амь насаа алдсан 19 хохирогчийн ихэнхийнх нь ар гэрээс төрөл садан нь ирээгүй. Учир нь тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэр бүлд нь байдаг гэдгийг олон нийтэд мэдэгдэхийг хүсээгүй ажээ.
Хохирогчдын нэг 19 настай охины ээж Михо “гэмт хэрэгтэнд оноосон ял нь ялын дээд хэмжээ боловч би чамайг хэзээ ч уучлахгүй. Миний хайртай охиныг буцааж авчир. Энэ бүхэн шударга биш байна” хэмээн ярьжээ.
Болсон хэргийг эргэн сөхвөл 2016 оны долдугаар сарын 26-ны өдөр Уемацу Цукуй Яамаюри-эн асран хамгаалах төврүү хутгаар зэвсэглэн очжээ. Тэр асран хамгаалах газрын байшингуудын нэг рүү цонхыг нь хагалан орж, унтаж байсан үйлчлүүлэгч хохирогчид руу халдсан байна. 19 хүний аминд хүрснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 25 хүнийг хүндээр шархдуулсан бөгөөд хохирогчид 19-70 насны хооронд байжээ.
Эх сурвалж: ВВС