СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХҮН: Сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтаасаа 2 их наядыг хэмнэх боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Т.Доржханд: АМНАТ 1 их наяд, татварын орлого 2-3 их наядаар тасрахаар байна

Короавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаатай холбоотойгоор ОУВС, Дэлхийн банк, ОУХАБ болон санхүүгийн судалгааны байгууллагууд 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5-1 нэгжээр бууруулжээ. Тухайлбал, Оксфорд Эдийн засаг болон Маккензи дэлхийн эдийн засгийн өсөлтийг хамгийн багадаа 0.5-1.5 нэгжээр, Хятадын эдийн засгийн өсөлтийг хоёр нэгжээр буурахаар тооцоолсон байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсууд халдварын эсрэг нэмэлт төслийг батлан эрүүлийг хамгаалах үйлдвэрлэл, үйлчилгээ, ЖДҮ, худалдааны салартаа 0 хүүтэй зээлийн эх үүсвэрийг олгож, татварын хөнгөлөлт үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Их Британи улсын Төв банк бодлогын хүүгээ 3 дахин буюу 0.75-0.25 хувь бууруулсан бол Герман улсын Сэргээн босголтын банк хязгааргүй зээлийн шугамыг нээж, Итали улсын Засгийн газар иргэдийнхээ зээлийн төлбөрийг түр зогсоогоод байна.

Гэвч манай улс иргэд ААН-үүдэд үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах тодорхой хөтөлбөргүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр дүнгүй, хугацаа алдсан хэвээр байна. Тиймээс ХҮН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан шаардлагагүй хөрөнгө оруулалтаа танах замаа 2 их наядыг хэмнэх боломжтой гэж үзэж байна. Энээс хэмнэсэн төсвөөрөө ААН-үүдийн НДШ-ийг 6 сарын хугацаанд 50 хувь хөнгөлж, ЖДҮ, үйлчилгээний салбарын түрээс, ээлийн дарамтыг бууруулах зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ. Улмаар тус нам коронавирусийн үед эдийн засгийг идэвхижүүлэх төлөвлөгөөг боловсруулан уг төлөвлөгөөг яаралтай баталж хэрэгжүүдэхийг УИХ, ЗГ-аас шаардаж байгаа ажээ.
Уг шаардлагад:

⦁ Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд

⦁ Төсвийн бодлогын чиглэлээр:

2020 онд улсын төсвийн орлогыг 11.7₮ их наяд байхаар тооцсон боловч энэ орлого нүүрсний экспортын зогсолт, бичил, жижиг, дунд бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны саатал, аялал жуулчлал, олон улсын нислэгийн хязгаарлалт зэрэг олон шалтгааны улмаас тооцсон хэмжээнд бүрдэхээргүй байна. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгагдсан тусгай шаардлагууд биелэх боломжгүй болсон тул Төсвийн тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.1, 34.1.2-т заасны дагуу төсвийн тодотголыг яаралтай хийх.
⦁ Монгол улсын экспортын орлогын 93 хувь БНХАУ-аас орж ирдэг бөгөөд оны эхний хагаст уул уурхайн бүтээгдэхүүнээс орох АМНАТ 1.0 их наяд төгрөгөөр, оны төгсгөлд нийт татварын орлого 2.0-3.0 их наядаар тасрахаар байна. Иймд төсвийн орлогын төсөөллийг бодитой төлөвлөж урд хөрштэй хийх гадаад худалдааны хэлцлүүд, хил гааль болон боомтын үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарах,
⦁ Орлогын болоод үл хөдлөх хөрөнгийн татвар болон газрын хураамж зэрэг аливаа бизнесийн үйл ажиллагаанд ногдох татвар, төлбөр, хураамжуудыг дор хаяж 6 сарын хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх,
⦁ Төсвөөс санхүүжүүлэх цалин, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох зорилгоор дотоодын бондын зах зээлийг идэвхижүүлж зөвхөн банкуудаас биш, гадаадын сангуудын хөрөнгө, даатгал болон хувь иргэдийн санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, Засгийн газрын бондын арилжааг яаралтай эхлүүлэх,
⦁ ОУВС, ДБ, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж онцгой нөхцөл байдалд зориулагдсан аливаа хөтөлбөрт хамрагдан төсвийн дэмжлэг хүсэх,
⦁ Энэ оны 8-р сард төлөх Хятадын Төв банкны 2.3 тэрбум ам.долларын своп хэлцлийн өр, 2021 оноос барагдуулж эхлэх Засгийн газрын гадаад бондуудын төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэх сорилтууд байгаа тул 5 дугаар сард дуусгавар болгохоор тохирсон ОУВС-гийн хөтөлбөрийг сунгах,
⦁ Сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад үр ашиггүй, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг зогсоох. Хөрөнгө оруулалтыг өмнөх оноос 119%-иар огцом өсгөж, 3.7 их наяд төгрөг байхаар төсөвлөснийг танах (тухайлбал, нийт 51 сумын соёлын төвийн барилгад 184.0 тэрбум, хууль зүйн салбарын барилгын хөрөнгө оруулалт 51.0 тэрбум, Чингис хааны музейн барилгад 48.8 тэрбум, Байгалийн түүхийн музейн барилгад 26.9 тэрбум, Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейн барилгад 3.3 тэрбум, Хан-Уул дүүрэгт барих Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт зэрэг сумдын оюутны дотуур байранд 6.0 тэрбум төгрөг гэх мэт онц шаардлагагүй барилга байгууламж, хөшөө дурсгал барих хөрөнгө оруулалтууд),
⦁ Баяр наадам, ёслол, шагнал урамшуулал, гадаад томилолт зэрэг шаардлагагүй урсгал зардлыг танах.
⦁ Суларсан эх үүсвэрийг нээлттэй, ил тодоор жижиг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт дэмжлэг болгон олгож эдийн засгийн идэвхижлийг сэргээх,
⦁ Засгийн газрын худалдан авах ажиллагааг яаралтай горимд шилжүүлэн дотоодын худалдан авалтыг дэмжих,

⦁ Мөнгөний бодлогын хүрээнд:

⦁ Мөнгөний бодлогын үр өгөөжийг хурдтай мэдрэх, эдийн засгийн идэвхижлийг бий болгох зорилгоор бодлогын хүүг нэг оронтой тоонд хүртэл бууруулах,
⦁ Банкуудад тавигдах заавал байлгах нөөцийг үе шаттай бууруулах,
⦁ Төлбөрийн балансын хүндрэлээс зайлсхийх зорилгоор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах,
⦁ Арилжааны банкуудын чанаргүй зээлийн багцад хяналт тавих, зээл чанаргүйдэх эрсдлийг бууруулах зорилгоор арилжааны банкны зүгээс бизнесүүдийг дэмжих аливаа гэрээ, хэлэлцээрт бодлогын дэмжлэг үзүүлэх,
⦁ Монголбанк нь сонгууль угтсан популист амлалт, аливаа төсвийн ш нж чанартай арга хэмжээг мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэхгүй байх.

⦁ Боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хүрээнд

⦁ Боловсролын салбарын чиглэлээр:

БСШУСЯ хөл хорионы нөхцөл байдалд хэд хэдэн хувилбартайгаар хичээлийн жилийн бүтцээ зарлаж, ерөнхий болон дээд боловсролын салбарт назгайрал үүсгэхгүй байх, сургалтын чанарыг хангуулах. Үүнд:
⦁ 3-р сарын 30-наас хойш сургуулийн хичээлийг эхлүүлсэн тохиолдолд 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг хэвээр мөрдүүлэх. Сургалтын чанарыг хангахад онцгой анхаарч ажиллах талаар салбарын яам холбогдох байгууллагуудад чиглэл өгөх,
⦁ Хөл хорио 4-р сард 14 хоногоор сунгагдах тохиолдолд энэ хэмжээгээр 6-р сард сургуулийг сунган хичээллүүлж, багш нарын ээлжийн амралтыг 4-р сард 15 хоногоор тооцож олгуулах,
⦁ Хөл хорио 4-р сард бүтэн сунгагдах тохиолдолд, багш нарын ээлжийн амралтыг 20 хоногоор тооцон 4-р сард нь олгож, 6-р сард сургуулийг бүтэн хичээллүүлж, ЭЕШ-ыг сонгуулийн дараагийн долоо хоногт эсвэл наадмын өмнөх долоо хоногт авахаар зохицуулах. ЭЕШ-ыг энэ жил 29.0 мянган хүүхэд өгөх тул шалгалтанд бэлдэх боломжийг олгох.

⦁ Нийгмийн хамгаалал, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр:

⦁ Ажлын байрыг хадгалах болон ажилгүй болсон иргэдийг богино хугацаанд дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
⦁ Иргэд, аж ахуйн нэгжийн төлж буй НДШ-ийг 6 сарын хугацаанд 50 хувиар хөнгөлөх,
⦁ Коронавирусын цар тахлаас үүдэн цалин, орлогогүй болж, НДШ-ийг төлж чадаагүй иргэдийг дараа нь нөхөн төлүүлэх боломжоор бүрдүүлэх,
⦁ Ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах хялбаршуулсан, түр схемийг авч хэрэгжүүлэх,
⦁ Иргэдийн хүнсний үндсэн хэрэглээ болсон мах, гурилын нийлүүлэлтийг таслахгүй байх зохицуулалтыг хийж, шаардагдах нэмэлт санхүүжилтыг ЗГ-аас гаргах,
⦁ Иргэдийн зээлийн (орон сууцны, бизнесийн, хэрэглээний) хүүний болон эргэн төлөлтийг ямар нэг торгууль шимтгэлгүйгээр 6 хүртэл сараар хойшлуулах,
⦁ Үүссэн нөхцөл байдал намжих хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг иргэдэд шим тэжээлтэй хоол хүнс, ариутгалын бодис, маск зэргийг худалдан авахад зориулж сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхлэх. Шаардлагатай бол зорилтот бүлэгт хүнсний талон тараах.


⦁ Бизнесийн орчныг сайжруулах асуудлын хүрээнд

⦁ Жижиг дунд аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр:
⦁ Аж ахуйн нэгжийн төлж буй НДШ-ийг 6 сарын хугацаанд 50 хувиар хөнгөлөх,
⦁ Зах, худалдааны төвүүдтэй хэлэлцэж, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах,
⦁ Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх,
⦁ Жижиг дунд үйлдвэрийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг төрөөс төлөх,
⦁ Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар төлөх хугацааг хойшлуулах,
⦁ Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамжаас чөлөөлөх. “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигчдэд тараахаар шийдвэрлэсэн байгаа 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хойшлуулалгүй олгох,
⦁ Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах.

⦁ Хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах салбарын чиглэлээр:

⦁ Хаврын тариалалтыг угтан хүнсний ногоо, улаан буудай, малын тэжээлийн тариалалтыг дэмжиж хөнгөлөлттэй зээл төрөөс олгох,
⦁ Ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь зориулж хөнгөлөлттэй зээл олгох. Ингэснээр малчдаа давхар дэмжих,
⦁ Гурилын үйлдвэрүүдийн импортлох хүнсний улаанбуудайн квотыг нэмэгдүүлэх,
⦁ Хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг хөнгөлөх.

⦁ Арилжааны банкуудтай хэлэлцэж, харилцан хөнгөлөлт, арга хэмжээнүүдийг авах чиглэлээр:

⦁ Бизнесийн салбарт олгох зээл олголтыг зогсоолгүй үргэлжлүүлэх,
⦁ Хорио цээрээс шалтгаалан хугацаа хэтэрсэн зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийж, шинэчлэн байгуулах, хугацааг хойшлуулах,
⦁ Бизнесийн зээлийн хүүг хөнгөлөх, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах
⦁ Банкны цахим гүйлгээний шимтгэлийг бууруулах, чөлөөлөх,
⦁ Орон сууцны ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах.

Бусад:
⦁ Интернет үйлчилгээний хурдыг нэмэх, дата төлбөрийг бууруулах. Хичээл сургууль болон ажиллах горим онлайнд шилжиж байгаа үед чанартай гүйцэтгэлд дата ашиглалтын хөнгөлөлт үзүүлэх,
⦁ Зөв агуулга, нэвтрүүлэг, киног нэмэгдүүлэх, үнийг хөнгөлөх гэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.