Дэлхийн хэмжээнд Ковид-19 халдвар дэгдсэний холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспорт зогсоод байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны үндсэнд өнөөдрөөс Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт эхэлснийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.
Ариутгал халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд гүйцэтгэснээр 2000 жолооч нүүрс тээвэрлэлтийг хийж эхэлсэн. 2020 онд 9 тонн нүүрс олборлож, 11 сая тонн экспортлохоор төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 71 хувийн биелэлтийг ханган ажиллаж байна.
2019 оны зургаадугаар сараас хойш коксжих нүүрсний үнэ унаж эхэлсэн. Иймээс үнийн эрсдэл бий болсон. Эерэг талаас нь харвал БНХАУ-д хэрэглээ бий болж байна. Үүнийг давуу тал болгохоор ажиллаж байна. Ирэх тавдугаар сараас дэлхий дахинд нүүрсний үнэ унах ч тогтвортой байхаар байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой улс төрийн дайралт 2010 оноос хойш гурав дахь удаагаа ирж байна. Манай компани 30 хувиа зарахгүй. Үйл ажиллагаагаа цаашид бүтэн авч явна.
Ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Цогт-Цэций суманд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхээр төлөвлөсөн. 1072 ширхэг хувьцаатай иргэд оролцох боломжтой ч санал өгөх эрхгүй. Ногдол ашгийг ирэх тавдугаар сард олгоно. Хуулийн зохицуулалт ийм байгаа гэсэн юм.