УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Х.Наранхүү нар корона вирустэй холбоотой үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулсан талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Манай руу бизнес эрхлэгчид ихээр хандаж байна. Иймд бид нар хуулийн төсөл өргөн барьж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. 2020 оны төсвийн тухай хуульд 1,4 их наяд төгрөгийн 384 барилга байгууламж барихаар төлөвлөснийг зогсоож, үүний 455 тэрбумыг нь ЖДҮХС-нд шилжүүлэхийг бид шаардаж, энэхүү хуулийн төслийг өргөн барих гэж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Энэ бол ажлын байрыг хамгаалах хуулийн төсөл юм. Энэ хууль хэрэгжсэнээр зээлийн хүү буурна. Нийгэмд ийм бодит шаардлага байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Багийн төв, суманд Соёлын төв барих нь аминд тулсан асуудал биш шүү дээ. Эдийн засгийн боломжтой үедээ барих боломжтой. Одоо бол бид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах шаардлагатай байна. Арга хэмжээ авахгүй бол 200-300 мянган иргэн амьжиргааны хүнд нөхцөлд шилжихээр байна.