Зэвсэгт хүчний яруу алдарт 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангаа бэлтгэн хүргэж байна. Энэ удаа Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Өндгөний Эрдэнэ-Очир, түүний гэр бүлийн хүн ҮБХИС-ийн ахисан түвшний сургалтын албаны дарга, дэд хурандаа, доктор, дэд профессор Д.Отгонцэцэг нарыг урилаа.
Хурандаа Ө.Эрдэнэ-Очир Монгол Улсын Зэвсэгт хүчинд 36 дахь жилдээ, дэд хурандаа Д.Отгонцэцэг 20 дахь жилдээ ажиллаж байна. Тэд ханилан суугаад 30 гаруй жил болжээ. Хоёр хүүхэдтэй. Бага хүү нь өнгөрсөн жил цэргийн сургуульд элсэн суралцаж байгаа юм. Ийнхүү гэр бүлээрээ Монгол Улсын зэвсэгт хүчинд зүтгэж байгаа эрхэм хурандаагийн амьдралын жаргал зовлон, баяр гуниг хийгээд тангараг өргөсөн цэргийн хүний үүрэг хариуцлагын тухай нийтлэлдээ өгүүлэх болно.
Хурандаа Ө.Эрдэнэ-Очир Увс аймгийн Малчин сумын харьяат. Аав ээж нь нэгдлийн мал маллаж байгаад хүүхдүүдээ сургуульд орохтой зэрэгцээд сумын төвд шилжин ирж, энгийн хөдөлмөр эрхэлж байсан гэдэг. Тэрээр ах дүү наймуулаа.
Цэргийн хүн болох тухай ойлголт тэр үеийн Ө.Эрдэнэ-Очир хүүд байсангүй. 1984 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Ховд аймгийн Багшийн дээд сургуульд шалгалт өгч байжээ. Тэгээд орж чадаагүй учраас цэрэгт явах чиглэл авсан гэдэг. Гэтэл Цэргийн нэгдсэн сургуулиас элсэлтээр очсон хошууч н.Жанлав түүнийг дуудаад “Чи бие бялдрын хувьд өсгөлүүн, цэргийн хүн бол” гээд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн ангид шууд л элсүүлчихсэн гэдэг. Энэ цаг мөчөөс л тэр ардын арми, одоогийнхоор Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбосон гэхэд болно. Тэрээр “Би цэргийн сургуулийн нэгдүгээр курст байхдаа л жаахан шантарч байлаа. Гэр орноо их санана. 18 настай хүүхдийн хувьд цэргийн амьдралыг тийм ч хүнд хэцүү гэж ойлгож байсангүй. Өглөө 06:00 цагт босно, байнгын бэлтгэл хийнэ. Орой цагтаа унтана. Ингээд цагийн хуваарьт ажиллагаанд ороод ирэхээр дураараа байсан хүмүүст хүндрэлтэй санагддаг юм билээ. Нэг жил болоод энэ бүх асуудалд дассан даа” гэв. Ингэж тэр цэргийн хүн болсон түүхтэй.
Түүнийг сургуулиа төгсөөд офицер болоход нь шууд л Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилсан байдаг. Бас л цоо шинэ орчин угтаж байжээ. Увс аймгийн Малчин сумын хүүд Дорноговь аймгийн Зүүнбаянд таних хүн нэг ч байсангүй. Цаг агаарын хувьд ч эрс тэс, бүгчим халуун, хавар намартаа шуургатай. Эхэндээ бэрхшээлтэй л санагдаж байж. Гэхдээ олон цэргийн албан хаагчид очиж ажиллаж, амьдардаг сайхан хотхон байсан гэдэг. Томилогдон очсон ихэнх хүн тэнд ах дүү хамаатан садан гэж байгаагүй учраас алба хаагчид ах дүү шиг л болцгооно.
Ө.Эрдэнэ-Очир Зүүнбаянгийн цэргийн ангид мотобуудлагын салааны захирагч, ротын захирагч, мотобуудлагын батальоны штабын дарга, батальоны захирагчийн ажилд томилогдон есөн жил ажилласан байдаг. Мөн тэнд анх өрх тусгаарлаж хүү, охины аав ээж болж байсан. Тэрээр “Зүүнбаянд миний ажил, амьдралын нэг хэсэг үе өнгөрсөн. Олон сайхан залуустай мөр зэрэгцэн ажиллаж ирсэн. Одоо хүртэл тэр л цаг үе маань сайхан санагддаг. Бид цаг агаарын ямар ч нөхцөлд сургалт дадлагаа хийгээд л явдаг байлаа. Ганцхан би биш, тухайн үеийн бүх хүн тэр л зарчмаар ажиллаж ирсэн” гэж байв. Тэрээр төрөлх нутаг Малчин сумаасаа гараад 1300 км-т ирж, Улаанбаатарт цэргийн сургуульд сурахдаа, түүнээс ч холдон Зүүнбаянд очиж ажиллахдаа “буцъя болъё” гэж бодож байсангүй. Өргөсөн тангаргаа үргэлжлүүлсээр байв. Зүүнбаянгийн цэргийн хотхонд 22 настай төгсч очоод 32 нас хүртлээ ажиллаж, тэр хамт олон дундаас цэргийн хүний хүмүүжил,төлөвшлийг олж авсан гэдэг.
1997 он. Энэ үеэс түүний хувьд “нүүдлийн” гэмээр цэргийн амьдрал эхэлсэн. Зүүнбаянгаас шилжиж хотод ирээд Элитийн батальон гэж нэрлэгддэг Зэвсэгт хүчний 150 дугаар ангид томилогджээ. Удалгүй тухайн үеийн БХИС-д багш, сонсогч, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 2002 он хүртэл сургуульдаа багшилж байгаад ЗХЖШ-ын Сургалтын хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Тэндээ 2004 он хүртэл ажилласан байдаг. Энэ хугацаанд Иракийн эрх чөлөө ажиллагааны хоёрдугаар ээлжинд цэргийн багийн орлогч даргаар явж байжээ. Ингээд 2004 онд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчаар,2007 онд Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчаар, 2009-2010 онд ЗХЖШ-т ахлах мэргэжилтнээр, 2010 онд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчаар, 2016 онд Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар тус тус томилогдон ажилласан түүхтэй. Түүнийг Монголын дөрвөн том мотобуудлагын хороог командалсан хурандаа гэж ярьдаг нь ийм учиртай.
Гэргий Д.Отгонцэцэгийн хамт. 2004 он.
Улмаар 2017 онд ЗХЖШ-т газрын орлогч, хэлтсийн даргаар томилогдон ирээд 2018 оноос Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм. Нүүснээ бодвол бараг 20 дөхөх байх хэмээн хурандаа Ө.Эрдэнэ-Очир инээж байв. Мөн тэрээр “Надад оногдсон хувь тавилан л гэж боддог. Ер нь цэргийн хүний амьдрал амар биш л дээ. Би Зүүнбаянд есөн жил, Ховдод гурван жил, Дорнодод гурван жил, Улаанбаатарт 4 сар, Эрдэнэтэд зургаан жил, Өмнөговьт нэг жил ажиллаад Улаанбаатарт ирсэн.
Зүүнбаянд ажиллаж байхдаа анхны хүүгээ төрсний дараа, ажил, амьдралын эрхээр Увс аймгийн Малчин суманд аав ээждээ харуулж байгаад өвчнөөр алдахад бидэнд ямар хэцүү байх нь ойлгомжтой. Тэр болгонд ажил мэргэжил, амьдралдаа шантарч байсангүй. Эхнэр хүүхдээ дагуулаад л нүүдэг амьдралтай байсан. Олон дахин нүүгээд явахад ар гэрийн амьдрал тэр дундаа хүүхдүүдийн сурлага жаахан доголдох гээд байдаг. Эхнэр маань ч нэг ажлаас гараад л өөр ажилд гэж явсаар хэцүү байлаа. Түүнийг цэргийн хүний гэр бүлийн хувь заяа л гэж хүлээж авдаг. Тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргаад яв л гэсэн бол надад сөрөх эрх байхгүй. Цэргийн хүн тушаалаар л явдаг. Харин одоо л нэг тогтвор суурьшилтай болж байна даа” гэсэн юм. Тэдний том охин 1993 онд Зүүнбаянд, бага хүү нь 2001 онд Улаанбаатарт төржээ.
Мөн Ө.Эрдэнэ-Очир хурандаа Иракийн эрх чөлөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тухайгаа дурсан ярив. 2004 онд тэдний ээлжийн бие бүрэлдэхүүнээс Г.Аззаяа, С.Самбуу-Ёндон нар цэргийн багуудын байрлаж байсан бааз руу нэвтэрсэн алан хядагчийг устгаж гайхамшигтай гавьяа байгуулж байжээ. Тэр баазад байсан 3000 гаруй хүний амийг аварсан ийм л чухал үйл явдлын гэрч болсон гэдэг. 2005 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ирж, тэдэнд тусгайлан баяр хүргэж байсан түүхтэй.
Тэрээр “2002 оноос Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн баг болгон л өөр өөрийн онцлогтой. Тэр болгонд манай цэргийн албан хаагчид үүргээ маш сайн гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг монгол хүний тэвчээр, монгол цэргийн сурсан мэдсэнийг шалгаж байгаа том шалгуур гэж ойлгодог. Энэ шалгуурыг манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маш сайн даван туулж байна. Үүнийг ганцхан би биш дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн дөө” хэмээж байлаа.
Хүүгээ олон улсад эх орныхоо нэрийг гарган энхийг сахиулж явахад аав Г.Өндгөн нь насан өөд болсон байна. Энэ үйл явдал ч түүний сэтгэлд Иракийн эрх чөлөө ажиллагаатай зэрэгцэн гүн сэтгэгдэл, бодрол, харуусал ухаарал болж үлдсэн. Тэрээр аавынхаа 49 хоногт ч оролцож чадаагүй байдаг. Бас л цэргийн хүний хувь зохиолтой байж хэмээн өөрийгөө тайтгаруулж, тайвшруулж явдаг юм билээ.
Зэвсэгт хүчний алба хаагчид Ө.Эрдэнэ-Очир хурандааг Өндгөний Эрдэнэ-Очир дарга хэмээн аавынх нь нэртэй хамт дуудах нь бий. Мөн Өндгөн дарга, Ө дарга ч гэнэ. Удирдлага бүрийн удирдан зохион байгуулах арга барил өөр. Түүнээс “Та цэргийн дарга хүний хувьд ямар зарчим баримталдаг вэ” гээд асуучихав. Тэрээр “Би шударга, зарчимч байхыг эрхэм болгодог. Мөн хэн нэгний ахуй амьдрал, ажил төрөлд нь хор хохирол учруулчихгүй юмсан л гэж боддог. Олон дахин, олон талаас нь харж байж аливаа асуудлыг шийдэхийг хичээж ирсэн. Үнэнийг хэлж, зөвийг шаардах, үнэнийг ойлгуулахын төлөө ажиллаж ирсэн.
Янз бүрийн орчин нөхцөлд өссөн, өөр өөр үзэл бодол, төлөвшилтэй залуус цэргийн албанд ирж ажиллаж байна. Тэр болгонтой яг л түлхүүр түлхүүрийг нь олж ажиллах ёстой гэж боддог. 36 жилийн дараа ч энэ зарчмаасаа ухраагүй явна. Мөн сүүлийн үед эх оронч үзлийн тухай янз бүрээр тайлбарлаж байна. Би мөрдэс зүүж, тангараг өргөсөн хүний хувьд аль ч салбарт байсан оногдсон алба үүргээ амжилттай гүйцэтгээд явах нь эх оронч байдал гэж ойлгодог” гэсэн юм. Түүнчлэн одоо ч Ө.Эрдэнэ-Очир дарга руу янз бүрийн хүн залгана. Эрдэнэтийн цэргийн ангийн даргаар ажиллаж байхад нь Мөнхцэнгэл гэдэг залуу цэргийн алба хаажээ. Гэтэл Хөвсгөл аймгаас л нэг эмээ яриад Мөнхцэнгэлийн эмээ нь байна аа. Танд амжилт хүсье гэнэ. Хөвсгөлийн Жаргалант сумаас Баасанжав гэдэг хүн яриад л танд их баярладаг шүү гэнэ. Дорнод аймгийн Баяндун сумаас н.Баттөмөр гэдэг хүнээс захиа ирээд л. Ерөөс бие биеэ хараагүй, танихгүй атлаа утасны цаанаас ярина, хааяа захиа ч ирүүлнэ. Энэ бүх харилцаанаас Ө.Эрдэнэ-Очир дарга хамгийн их урам зориг авдаг бололтой юм билээ. Зөв шулуун зарчим баримталж явсны маань ач буян хэмээн боддог гэж байв.
Түүний эхнэр мөн цэргийн хүн гэдгийг бид нийтлэлийнхээ өмнө дурдсан. Тэрээр эхнэртэйгээ цэргийн сургуулийн гуравдугаар курст байхдаа танилцжээ. Эхнэр Д.Отгонцэцэг нь тэр үед Гадаад хэлний дээд сургуулийн оюутан байж. Хоёулаа танилцаж, сургуулиа төгсөөд Зүүнбаянд өрх тусгаарласан байдаг. Д.Отгонцэцэг “Би Зүүнбаянгаас, Зүүнбаянгийн дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш нөхрөө дагаж олон газар ажилласан. Анх хотод шилжиж ирээд 68 дугаар сургуульд багшилж байсан ба боловсрол судлалын хичээл мэргэжлийн суурь хичээл болж, бүх их, дээд сургуульд орох болсон тэр үед Удирдлагын хөгжлийн институтын боловсролын удирдлагын өдрийн ангид орж суралцсан. БХИС гэдэг эрдмийн их уурхайд 1999 оноос анх багшаар ажилласан. Тухайн үед БХИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн дарга С.Орхон гэдэг мундаг хүн байлаа. Тэр хүний гар дээр нэг жилийн хугацаанд их сургуулийн багш болсон доо. Тэгээд С.Орхон багш намайг “Чамайг эндээ цэргийн болгож авч үлдье” гэсэн санал тавьснаар 2000 онд офицерын дамжаанд суралцаж офицер болж байлаа. Түүнээс хойш нөхрийгөө дагаад цэргийн анги, байгууллага, сургуулиудад ажиллаад 20 орчим жил болжээ. Ховд аймагт очоод Ховд Их сургуулийн Сурган, сэтгэл судлалын тэнхимд гурван жил багшилсан. Түүний дараа Дорнод аймаг руу шилжсэн. Очсон газар болгондоо шинэ ажил, шинэ хамт олон. Тэгээд байр сууриа олж, хүмүүстэйгээ танилцах гэж байтал бараг дараагийн томилгоо болчихдог нь жаахан хүндрэлтэй байсан” гэв.
Дорнод аймагт очсоны дараагаар тэд хоорондоо ярилцаж байгаад ер нь цэргийн байх нь зөв юм байна гээд Дорнодод офицер цолоо сэргээж ажилласан гэдэг. Түүнээс хойш түүний эхнэр Д.Отгонцэцэг Дорнодын 327 дугаар ангид сэтгэлзүйч, соёл хүмүүжлийн албаны даргаар ажилласан байдаг. Тэгээд БХИС-д ирээд, эргээд Эрдэнэт явахад нь тухайн ангид нь соёл хүмүүжлийн зааварлагчаар томилсон байдаг. Өмнөговьд мөн батальоны соёл хүмүүжлийн даргаар ажилласан. Тэрээр “Дандаа л цэргүүдтэй ажиллаж ирсэн дээ. Би өөрөө багш хүн учраас их давуу талтай байлаа. Газар бүрээс ирсэн цэргүүд ёс суртахуун хүмүүжил боловсролын хувьд янз бүр л дээ. Өөр нэг зүйл нь би тухайн очсон анги байгууллага бүр дээр эмэгтэйчүүдийн зөвлөлийг их сайн ажиллуулж байсан. Учир нь ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл тухайн ангийн ажилд, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшилд их дэмтэй байдаг.
н.Няндаг доктор маань Зөв монгол хүнийг бий болгох гэж насаараа ярьсан даа. “Хүн болоогүй хүнд боловсрол олгох юм бол босоо ороолонд хутга бариулсантай адил” гэж Чой. Лувсанжав гуай хэлсэн гээд л бидэнд хүн байхын ухааныг заасан. Тэр л сурсан мэдсэнээ цэргийн анги байгууллагуудад хэрэгжүүлэхийг хичээж ажилласан. Мэдээж цэрэг хүн цэргийн эрдэмд суралцана. Түүний хажуугаар хүмүүжил төлөвшил, харилцаа хандлагаа бага ч гэсэн өөрчлөөд халагдах ёстой гэсэн зарчмаар ажиллаж ирсэн гэлээ. Ө.Эрдэнэ-Очир хурандаа “Цэргүүд, алба хаагчидтай чин сэтгэлээсээ ажилладаг байлаа. Тэдэнтэй ээж аав шиг нь харилцахад хэн ч сөрөг хандлага гаргадаггүй байв. Хань минь хатууг зөөллөхөд тодорхой хэмжээнд хүч хөдөлмөрөө зориулж явсан юм” гэж байлаа.
Нөхөр нь цэргийн хүн, энд тэнд томилогддог ч гэлээ Д.Отгонцэцэг сурч, дэвших хүсэл эрмэлзлэлээ улам хөгжүүлж ирсэн. 2001 онд ШУТИС-ийн магистрт дээд боловсролын удирдлагаар суралцаж төгссөн. Түүний дараа Багшийн дээд сургуулийн докторантурт суралцсан. 2009 онд ОХУ-ын Томскт тэтгэлгээр явсан. Тэндээ гурван жил сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр суралцаж, “Цэргийн алба хаагчдын ёс суртахууны үнэт зүйлсийн хүмүүжил” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Одоо ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Мөн тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, салбар, улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцохоос гадна 2017 онд БНСУ, 2018 онд Вьетнам, 2019 онд БНСУ, Непальд очиж илтгэл тавьжээ. Хурандаа Ө.Эрдэнэ-Очирынх хоёр хүүхэдтэй, том охин нь нэгэн ТББ-д ажилладаг байна. Харин хүү нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн, тангараг өргөсөн цэргийн хүн болохоор цэргийн сургуульд суралцаж байна.
Ийнхүү амьдралд олон тохиогоод байдаггүй хувь заяаны эзэд буюу гэр бүлээрээ эх орныхоо өмнө тангараг өргөсөн Зэвсэгт хүчний хурандаа нарын амьдралыг онцоллоо.
Т.БАТСАЙХАН
2020.3.16 Даваа № 50 (6275)