Испани улсын хаан зургадугаар Фелипе өөрийн эцэг Хуан Карлосын эд хөрөнгийг өвлөж авахаас татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. 2014 онд хаан суудлаасаа татгалзаж өөрийн хүү зургадугаар Фелипед шилжүүлэн өгсөн Хуан Карлос амьдралын ээдрээтэй хэв маяг, үрэлгэн зангаараа алдартай билээ.
Энэ жил 82 настай хуучин хаанд жил бүр олгодог 194,000 еврогийн тэтгэмжийг ч мөн зогсоох шийдвэрийг Фелипе гаргасан байна. Швейцарийн санхүүгийн мөрдөгчид 40 орчим жил Испани улсын хаан ширээнд суусан сахилгагүй Карлосын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа ажээ.
Хуан Карлос Испанийн хаан ширээнд байхдаа 2008 онд оффшор дансаар дамжуулан Саудын Арабаас 100 сая ам.доллар авсан тухай мэдээлэл олон нийтэд гарсны дараа Фелипе хаан дээрх шийдвэрийг гаргажээ. Карлос уг хэргийн талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Ажиглагч шинжээчдийн харж байгаагаар хаан Фелипе эцгийнхээ хөрөнгийг өвлөж авахаас татгалзсан нь түүнээс зайгаа авч, хол байхаар шийдсэнийг харуулж байна хэмээжээ.
Эх сурвалж: ВВС