Өнөөдөр өглөөний байдлаар БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласан иргэдийн тоо 20,000-д хүрсэн бөгөөд 425 хүн амиа алдаад байгаа юм. Ганцхан хоногийн дотор халдвар авсан хүмүүс 3,000-р нэмэгдэж, зуу орчим хүн амиа алдаад байна.
Хятадын эрх барих дээд байгууллага болох Улс төрийн товчооны байнгын хорооны зүгээс халдварын тархалтын үед бүрэн гүйцэд үүргээ биелүүлж, ард иргэдээ хамгаалж чадаагүй алдаагаа хүлээн зөвшөөрчээ. Тус хорооны мэдэгдсэнээр онцгой байдлын үеийн менежмент тогтолцоо алдаа дутагдалтай, сайжруулах нэн шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн байна.
Шинэ коронавирусийг Уханий хар захаас үүдэлтэй гэж үзэж байгаа учир тус захыг хааж устгах шийдвэрийг гаргажээ. Хуурай ханиалгах, халуурах шинж тэмдэгтэйгээр илэрч эхэлдэг амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт нэмэгдэхийн зэрэгцээ улсын эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгийн биржүүд дээр хувьцааны ханш буурсан байдалтай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онц байдал зарлаж байсан сарс өвчний үед 2002-2003 онд 349 хүн амиа алдаж байсан юм. Харин энэ удаад Хятадын эрх барих дээд түвшний байгууллага маш том сургамж авлаа хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: BBC