БНХАУ-ын Уханиас гаралтай коронавирусээр дэлхийн 170,000 орчим иргэн халдварлаж, 6,500 гаруй хүн нас баржээ. Вирусийн халдвар өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын Холбооны орнуудад хурдацтай тархсаар гурван ч улсад нэг хоногийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Итали улсад өнгөрсөн шөнө 368 иргэн нас барж нийт 1,809, Испани улсад 97 иргэн нас барж 288, Франц улсад 29 хүн нас барж 120 болж коронавирусийн халдварын улмаас нас барагсдын тоо нэмэгджээ. Мөн Европын Холбооноос гараад удаагүй байгаа Их Британи улсад нэг хоногийн хугацаанд хамгийн олон буюу 14 хүн нас барснаар нийт нас барагсад 35 болсон байна.
Европ даяар эрх баригчид иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хилийн бүсүүдэд хараа хяналтыг чангатгажээ. Тухайлбал Германы Засгийн газар Франц, Швейцарь, Австри, Дани, Люксембург улсуудын хил дээр хяналтаа чангатгасан бол Португаличууд даваа гарагаас эхлэн Испани улстай хиллэдэг хилийн зурваст хатуу хяналт тогтоохоор болжээ.
Мөн Чехийн эрх баригчид ард иргэдийг ажилдаа явахгүй байх, хүнс, эм бэлдмэлээ базаахыг уриалсан бөгөөд гуравдугаар сарын 24-ний өдөр хүртэл шөнө дундаас хойш хөл хорио тогтоосон байна. Ирландад энэ сарыг дуустал паб, зоогийн газруудыг хаасан бол Австри улсад таваас дээш хүний цугларалт, олон нийтийн арга хэмжээг өнөөдрөөс хорилоо.
Түүнчлэн Европ даяар сургуулиудыг хаахаар болсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын бүсийг халдварын шинэ голомтоор нэрлэжээ.
Европын орнууд Халдварын тохиолдол
Итали 27,747
Испани 7,845
Герман 5,813
Франц 5,423
Швейцарь 2,217
Норвеги 1,254
Нидерланд 1,135
Швед 1,040
/Европын Холбооны бусад улс орнуудад коронавирусийн халдварын тохиолдол 1,000-с бага илэрсэн болно/
АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 3,700-д хүрсэн ба 68 хүн нас баржээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны 26 орноос ирэх Америкийн бус иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглосон бол Их Британи, Ирландыг уг жагсаалтад нэмэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: ВВС