ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байгаа бол БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, өнгөрсөн өдөрт 13 улсад шинээр бүртгэгдлээ. Европын холбооны улсуудад өдөрт 1000-2500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Иймээс соёл урлагийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, эмийн сан, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх газруудаас бусад газруудыг хааж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг иргэдэдээ зөвлөмж өгч байгаа юм.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа Франц улсад өчигдөр шинээр 808 хүн халдвар авч 12 хүн нас барсан. Испани улс бүхэлдээ хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Румын улсад ирэх даваа гарагаас хорио цээрийн дэглэм тогтоохоор болсон. Тус улсад бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг гэрээсээ ажиллах, цалинтай чөлөө олгох хуулийг батлахаар болсон.
Италийн Ламбордин мужид эрчимт эмчилгээний орны тоо хүрэлцэхгүй боллоо. Өдөрт 85 хүн шинээр эрчимт эмчилгээний тасагт хэвтэхээр ирж байгаа юм.
Олон хоногийн эрчимт эмчилгээ хийж байгаа тул өдөрт 2-3 ор л суларч байна. Иймд өндөр настай хүмүүсийг гэрт эмчилгээ хийхээр буцааж байгаа юм. Италид 3497 шинэ халдвар, 175 нас баралт бүртгэгдлээ. Их Британид 342 шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэгдлээ. Японд бямба гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болов.
Ковид-19 халдвар дэгдээд гурван сар өнгөрлөө. Дээрх нөхцөл байдлаас харахад олон улсад эмнэлгийн хэрэгсэл тутмаг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Халдвар гарснаас хойш ДЭМБ-ын заавар зөвлөмжийг мөрдөхгүй байснаар ямар их хохирол амсаж байгааг Европын жишээнээс харж болно. Иймээс эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөмжийг чандлан сахих нь халдварыг тархахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэсэн юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-өөс хойш өнөөдрийн байдлаар ажиглалтад 1328 хүн иргэн байна. Өнөөдрийн байдлаар 609 хүн ажиглалтын байранд байгаа.
Өнөөдөр цэргийн төв эмнэлэг, “Асралт Мед” эмнэлэг болон бусад эмнэлэгт 14 хоног ажиглалтад байх үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэдийг гэрт нь гаргаж байгаа.
Дархан-Уул аймагт өнгөрсөн шөнө Бээжин-Австрали, Тайланд улсаар дамжсан гэр бүлийн хоёр хүн, Тайланд, Тайван улсаас ирсэн нэг хүн буюу нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт мөн Австрали улсын чиглэлээс дамжиж ирсэн дөрөв, Тайланд улсаас ирсэн зургаа буюу нийт арван сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдсэн.
Өмнөговь, Дорноговь аймагт тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь хилийн боомтоор энэ сарын 13-14-нд шилжих шөнө орж ирсэн иргэдээс тусгаарлах байранд нийт 59 хүн байна. Нэг иргэн халуурч хоолой нь өвдсөн гэсэн зовиртой байсан ч Цагааннуур сумаас аймгийн төв рүү явах замдаа машин нь эвдэрч их даарсан гэсэн өгүүлэмжтэй иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан бусад иргэд сургуулийн дотуур байр болон МСҮТ-ийн байруудад байгаа. Өнөөдөр Сөүлээс ирэх 250 иргэдийг хүлээж авах бүх бэлтгэлийг хангасан. Зайлшгүй шаардлагатай тохиолдлыг ХӨСҮТ-д очиж авна” гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Дорноговь аймгийн кэмпээс өчигдөр өглөө ирсэн 54 хүний хариу сөрөг гарлаа. Энэ бол халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан хүмүүс юм. Үүгээр нэгдүгээр хавьтагч болсон нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, хавьтлуудыг бүрэн хяналтдаа авлаа.