Нийслэлийн Засаг даргын захирамжаар томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн хаахаар мэдэгдсэн. Энэ дагуу хүнсний томоохон сүлжээ дэлгүүр "Еmart" дэлгүүр хэрхэн үйл ажиллагаа явуулж буйтай танилцлаа.
Тус дэлгүүрийн хувьд үйлчлүүлэгч бүрийн халууныг үзэж, гар ариутгагчийг байрлуулсан байв. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хувцас, электрон барааны тасгуудаа хэсэгчлэн хааж, ахуйн болон хүнсний бараа бүтээгдэхүүний тасгууд нь хэвийн үйл ажиллагаа явуулж байлаа. Харин ч хүнсний бараа бүтээгдэхүүний тасгуудийн бараа хангалт сайтайгаас гадна хямдралтай үнээр борлуулж харагдав.
Коронавирусийн халдвар гарснаас хойш "Emart" дэлгүүрийн бараа дуусаж, хүн их байна, үнээ нэмж зарж байна гэх мэдээлэл сошиал хэрэгслээр тархах болсон. Энэ талаар "Emart" дэлгүүрийн салбар хариуцсан албаны хүнээс тодруулахад “Манай дэлгүүрийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. 14 хоног тутам 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүндээ хямдрал зарладаг уламжлалтай. Энэ дагуу хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр зарж байна” гэсэн юм.
-Махны үнээ нэмж зарсан гэх асуудал яригдах болсон. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Манай дэлгүүр стандартад нийцсэн махыг ханган нийлүүлэгчээсээ татаж авдаг. Үнийн хувьд ханган нийлүүлэгч болон "Emart" дэлгүүр харилцан тохирч үнээ тогтоодог. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт хэвийн үнийн хувьд нэмэгдсэн зүйл байхгүй. Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд хаврын цагт махны нийлүүлэлт зогсдог. Иймд ханган нийлүүлэгчээс ирж байгаа махны үнэ нэмэгдсэн тохиолдолд бид аль болох зах зээлийн ханшинд тохируулж үнээ тогтоодог гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Сүүлд танай ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гарах болсон?
-Манай ажилтан халуурсан тэрийгээ нуусан гэх мэдээлэл худал гэдгийг тододгон хэлмээр байна. "Emart" дэлгүүр 1000 гаруй ажилтантай тэдний эрүүл мэндийн байдлыг өдөр бүр шалгадаг. Сүүлийн үед манай дэлгүүрийн нэр хүндэд халдсан элдэв худал, цуурхал мэдээлэлд хэрэглэгчид маань автахгүй байхыг зөвлөж байна.
-Онцгой байдлын энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өдөр бүр тогтмол хийж байгаа. Түүнчлэн аль болох хэрэглэгчиддээ шинэ, бараа бүтээгдэхүүнээр тогтмол ханган ажиллах болно. Мэдээж хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэх үед бараа бүтээгдэхүүн дуусах үе байгаа ч өдөрт нь юм уу маргааш гэхэд ханган нийлүүлэлт хийгддэг. Иймд манай дэлгүүр бараагаа тасалдахгүй, үнээ нэмэхгүй хэвийн ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна.
"Emart" дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдээс бараа бүтээгдэхүүний хүрэлцээ, үнийн талаар тодрууллахад "Өнөөдрийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Харин ч зарим бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр зарж байна. Амин дэмтэй жүүснүүд хямдарсан байхаар нь хүүхдүүддээ авлаа" гэсэн юм.