Казахстан улсын иргэн коронавирусийн халдвар авсан дөрөв дэх тохиолдол батлагдсан талаар өчигдөр тус улсын ЭМЯ-аас мэдэгджээ.
Тухайн иргэний хувьд энэ сарын 13-ны өдөр Германаас ирсэн гэнэ. Тус улсын ЭМЯ-наас “Халдвар авсан иргэний хувьд 1976 онд төрсөн эрэгтэй Алмата хотын иргэн. Одоогоор Алматы хотын анагаах ухааны төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” гэжээ.
Сануулахад, Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов коронавирусийн халдвартай гурван өвчтөн Казахстанд, нэг нь Герман улсад эмчлүүлж байгаа гэсэн юм.
Гуравдугаар сарын 9, 12-ны өдрүүдэд Герман улсаас гэртээ ирсэн хоёр хүн өвчилсөн гэж ЭМ-ийн сайд Елжан Биртанов мэдэгдсэн. Эдгээр хоёр иргэнтэй хамт ирсэн зорчигч, нислэгийн багийн 97 иргэнийг Алматы хотын халдварт өвчний эмнэлэгт хорио цээрийн дэглэмд оруулаад байгаа юм.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гуравдугаар сарын 13-нд коронавирусийн эсрэг тэмцэх арга хэмжээ, хүн ам, эдийн засагт туслах томоохон мэдэгдлийг хийв. Тодруулбал, тэрээр төрийн албан хаагчдыг гадаадад зорчихыг хориглосон, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг хориглож, тус улсад хоол хүнс, эм хангалттай байгаа эсэх, аль болох бага насны хүүхдийг гэртээ харгалзах хүнтэй үлдээх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 16-наас эхлэн тус улсын сургуулиуд амрахаар болжээ.
Казахстан улс гуравдугаар сарын 8-наас хойш Өмнөд Солонгос, Хятад, Иран улсын иргэдэд тус улсад нэвтрэхийг хязгаарласан.