Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийг Богдхан уулын Цэцээ гүний овоо руу гарч салхилахыг хориглох шийдвэрийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан.
Учир нь амралтын өдрүүдэд тус уулыг иргэд олноор зорьдог учир халдвар гарах эрсдэлтэй гэж үзэж буй.
Өнөөдрөөс Богдхан уул руу гарч салхилах, алхахыг зөвшөөрчээ гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тодруулахад "Зөвшөөрөл өгөөгүй байгаа. Хорио, цээр энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилж байна" гэсэн юм.
Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвс тэжээл хомстсоны улмаас Богдхан уулын ан амьтад нийслэл хотын суурьшлын бүсэд орж ирэх болжээ. Он гарсаар хамгаалалтын захиргаанаас ан амьтанд өвс, давс хужир тавьж өгөх ажлыг удаа дараа зохион байгуулж байна.
Шинэ төрлийн “Covid-19” вирусийн халдвар дэлхийн хэмжээнд өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд Онцгой байдлын болон Цагдаагийн албан хаагчдын нэгэн адил өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр бүр 04 цагаас 21 цаг хүртэл эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байгаа боловч ан амьтдад өвс тавьж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж байгаа гэнэ.
Тухайлбал, Богдхан уулынхаа Нүхтийн амны эх орчмын хаданд янгир ямааны, Зуунмодны ойд халиун буга, бор гөрөөсний идээшилдэг газарт 260 кг өвс тавьж өгчээ.