Нийслэлийн онцгой комиссоос шар усны үер болон болзошгүй эрсдлийн талаар шуурхай мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр:
Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаа, Баянгол дүүргийн 5, 9 дүгээр хорооны далан сувгууд зэрэг 15 хорооны нутаг дэвсгэрт үерийн далан суваг халилаа. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс ажлын хэсэг байгуулан далан сувгийг цэвэрлэх ажлыг хийж эхлээд байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн:
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан ажлын хэсэг ажиллаж байна. Цаг агаар дулаарч буйтай холбоогоор шар усны үерээс сэрэмжлэх, бөглөрч тагларсан үерийн усны далан сувгийг онгойлгох ажлууд хийгдэж байна. Энэ жил хамгийн их хүндрэлтэй байгаа Сонгинохайрхан дүүргийн 40 хорооны нутаг дэвсгэрт шар усны үерээс урьдчилан сэргийлэх далан сувгийн трассын ажил хийгдэж байна.
НОБГ-ын дэд дарга Б.Эрдэнэбаатар:
Гурван сар гараад цаг агаарын хэм харьцангуй дулаардаг. Ойрын үед агаарын хэм нэмэх градустай болохоор байна. Үүнтэй холбоотойгоор шар усны үер нүүрлэж болзошгүй нөхцөл байдал бий боллоо. Хөрсний усны халиу зарим газруудад үүсч байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цас ихээр орсны улмаас халиу ихээр үүсэх, шар усны үер буух магадлалтай байна. Иймд айл өрхүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг хийж эхлээд байна.
Улаанбаатар хотод 140 км урттай хөрсний халиа дошноос хамгаалах далан суваг байдаг. Замын доорх байгууламж, бөглөрч хөлдсөн сувгуудыг онгойлгох ажил эрчимтэй өрнөж байна.