Өсвөр насны охидыг хойт өвөө болон хойт аав, түүний ах нь хүчинддэг байжээ
Өсвөр насны охидыг идэр насны залуучууд болон 57 настай өвөө нь хүчиндэж байсан хэрэг ил боллоо. Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин суманд амьдардаг 12 настай охиныг өвөө нь хоёр жилийн турш хүчирхийлж байсан аж. Мөн 12 настай охин болон түүний 15 настай эгчийг нь Хэнтий аймгийн Дадал сумын харьяат 33 настай хойт аав Б, хойт аавынх нь төрсөн ах 38 настай Б нар гурван жилийн турш айлган сүрдүүлж, хүчирхийлдэг тухай мэдээлэл хүүхэд хамгааллын 108 утсанд иржээ. Хэрэгт холбогдогчдыг дөрвөн хоногийн өмнө баривчилж, саатуулсан байна. Охидын ээж нь найман жилийн өмнө иргэн Б-тэй хамтран амьдарч, өнгөрсөн жилээс хөдөө мал маллахаар тусдаа гарчээ.
Энэ хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “Хойт аав нь малын хулгай хийдэг, архи уудаг нэгэн. Ах нь ч бас тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай хүн. Харин ээж нь огт архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Охид ээж дээрээ өсөөгүй. Ээжийнхээ ээжийнд буюу эмээгийндээ амьдардаг байсан. Охидыг хүчирхийлдэг байсан өвөө нь тэдний ээжийн хойт аав нь юм.
Нэг үгээр, охид цусан төрлийн холбоогүй хойт өвөө, хойт аав, түүний ахад удаа дараа хүчирхийлүүлж байсан гэсэн. Хойт өвөө нь сэтгэцийн өөрчлөлтэй бөгөөд эмээ нь ч ялгаагүй сэтгэцийн өвчтэй. Тэднийг харж ханддаг байсан ээжийнх нь ах гурван жилийн өмнө нас барснаар энэ хэргүүд үйлдэгдэж эхэлсэн байгаа юм. Хойт өвөөг нь хүчирхийлдгийг манай хамаатны эгч мэдэж, 108-д дуудлага өгсөн. Хэргийг шалгаж эхлээд хойт аав болон түүний ах нь хүчирхийлдэг байсныг мэдсэн. Дөрөв хоногийн өмнө хойт аавыг нь манай сумын хэсгийн төлөөлөгч Хэнтий аймгийн Дадал сумаас баривчилж авчирсан. Хэргийн талаар ээж нь мэдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ээж нь хөдөө байгаа” гэв.
Охидыг Хэнтий аймгийн түр хамгаалах байранд авчирчээ
Энэ талаар Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнээс тодруулахад “Манай төвд хүүхэд хамгааллын 108 утаснаас гуравдугаарын 11-ны 08:04 цагт охид хүчиндүүлсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу бид Норовлин суманд ажиллаж, охидыг Хэнтий аймгийн түр хамгаалах байранд авчирсан. Охидын биеийн байдал шүүх шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Тэдэнд сэтгэл засах эмчилгээ хийж байгаа. Одоогоор сэтгэл санаа нь тогтворгүй, хямралын байдалтай байна. Мөн тухайн хоёр охин нь манай төвд харьяалалгүй байсан. Бага охиных нь мэдээлэл манай төвд өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн. Энэ нь "Эрсдлийн бүлэг тодорхойлж, энэ хүүхдийг харж хандах хүнгүй тул хяналт тавьж өгөөч" гэсэн бичиг. Охиныг хянах, ар гэрийг нь судлах талаар Норовлин сумын холбогдох албаныханд чиглэл өгсөн байсан” хэмээв.
Ээж, аавынхаа энгэрт эрхэлж, наадах насан дээрээ энхрийхэн бяцхан охид хойт аав, түүний ах, мөн хойт өвөөдөө гурван жил хүчиндүүлсэн сэтгэл сэртхийлгэм энэ мэдээ Монголд хүүхэд хамгааллын тогтолцоо, бодлого ямар хэмжээнд явааг харуулж байна. Монголын төр засаг хүүхдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулдаг байсан бол, тэднийг анхаардаг байсан бол өнөөдөр ийм нүгэлт хэрэг гарахгүй байх байлаа.
Харамсалтай нь зөвхөн он гарснаас хойш л гэхэд хүүхэд бусдад зодуулсан, хүчиндүүлсэн, амь насаа алдсан хэрэг хэд хэд удаа гарав. Энхрийхэн охид, бяцхан үрсээ хэдий болтол ингэж балмад этгээдүүдийн гарт тарчлаан зовоож, үйлийг нь үзэх вэ. Энэ бол Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хүүхэд хамгааллын нэртэй олон байгууллага, Монгол Улсын Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Бүхэл бүтэн гурван жил хүүхэд хүчиндэж байхад Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ хугацаанд юу хийж байсан юм бэ. Хүүхэд гэмт хэргийн золиос болох, бусдад хүчирхийлүүлэх, амиа алдах хэрэг хэрээс хэтэрлээ.
Энхрийхэн охидоо, ээж, аав нь анхаарал хандуулж чадахгүй байгаа хүүхдүүдээ анхаараач, авраач, хамгаалаач, Ерөнхий сайд аа.
Д.Чанцалдулам