СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нямхүү: Францын иргэнтэй шууд харьцсан 58 хүнээс коронавирус илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирустэй холбоотой цаг үеийн шуурхай мэдээлэл хийлээ. 

 ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

Коронавирусийн халдвар дэлхийн 122 оронд бүртгэгдээд байна. Тус халдвар Куба, Гана зэрэг Африкийн таван улсад шинээр бүртгэгдэж, Итали, Испани, Норвеги зэрэг оронд голомтлон тархаж байна. Тус вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа туршлага, арга хэмжээний талаарх дэлхийн онлайн хуралдаанд Эрүүл мэндийн сайд оролцсон. БНХАУ энэ өвчний эсрэг хэрэгжүүлэх дөрвөн гол зарчмаа танилцууллаа. Тэр нь эрт илрүүлэг, эрт мэдээлэх, эрт оношлох, эрт эмчлэх гэдэг дөрвөн гол зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг хэлж байна.

Коронавирусийн халдвар цар тахал болсон. БНХАУ-аас гаргасан зөвлөмжид хамар хоолойг царван болох ариутгах бодисоор зайлах, аль болох хүйтэн ундаанаас татгалзахыг уриалсан

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:

ДЭМБ-ын хамгийн сүүлд өгсөн мэдээгээр 122 оронд ковид-19 өвчин бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт 322 хүн уг өвчнөөр нас барж, Гондурас, Зааны ясан эрэг зэрэг орнуудад шинэ тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн таван хоногийн хугацаанд БНХАУ-д 50-аас доош тохиолдол бүртгэгдсэн нь уг өвчнийг барьж чадсаныг харуулж байна. БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын илэрц тогтмол буурч байна. Итали улсад нэг хоногт 196, Иранд 52 хүн нас баржээ. ЭМЯ-аас тус өвчний эсрэг удирдамжийг батлан хэрэгжүүлж байгаа. Уг өвчний тархалт хүрээгээ тэлж улам тархана гэсэн таамаг судалгааг ДЭМБ-аас өгсөөр байна. Манай улс 7 хоногт хоёр удаа дэлхийн 32 орны эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудтай холбогдож мэдээлэл солилцож байна.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Янжмаа:

Европ тивд коронавирус голомтлон тархаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали Улсад нас баралт 23 хувиар өсч, халдварын тархалт 17 хувиар өслөө. Итали Улс бусад орондоо халдвар тарааж буйгаас үүдэн хөл хорио тогтоож, их дээд сургууль болон ЕБ-ын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Европийн 13 орон боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн хаасан. Ирэх даваа гарагаас эхлэн Европийн бусад улс орнууд сургууль цэцэрлэг, соёл, урлаг, спорт, шүүх байгууллагын үйл ажиллагаагаа түр зогсоох бэлтгэлээ хангаад эхэллээ.

Дэлхийн хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон 26 улс байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Өчигдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын цахим хуралд оролцлоо. БНХАУ-д урьдчилан сэргийлэлтдээ онцгой ач холбогдол өгч байна. БНХАУ-ын 1.4 тэрбум хүн санаа сэтгэл нэг байж, халдвар авсан хүмүүстээ сэтгэлийн дэм өгч, хамтдаа хичээсний үр дүнд ялан дийлж чадаж байна гэдгээ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 1373 хүнийг ажиглалтад авч, 273 хүнийг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан Ховд аймагт байгаа иргэний биеийн байдал сайн байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлах ажлыг хийсэн.

ХӨСҮТ-д хэвтэж байгаа Франц иргэний биеийн байдал тогтвортой. Хоол ундандаа сайн байгаа. Засгийн газрын тогтоолоор баталсан 5.6 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авсан.

Зоонозын өвчин судлалын тасгийн эрхлэгч Б.Амгаланбаяр:

Халдвар авсан нь батлагдсан мөн сэжигтэй тохиолдол илэрсэн газруудад Зоонозын өвчин судлалын төвөөс халдваргүйжүүлэлт, ариутгал хийж байгаа. Айл өрх, албан газрууд цэвэрлэгээг тогтмол хийх нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн зөв ажил мөн. Цонхоо хоёр цаг тутамд 10-аас доошгүй минут нээж, агаар оруулах нь маш зөв гэдгийг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

Өвчтөний ойрын хавьтал болсон 58 хүнээс коронавирус илрээгүй. “Бадрах Энержи” ХХК-ийн кемпэд ажиллаж байсан хүмүүсийн шинжилгээний хариу өнөөдөр ирнэ. Францын иргэнтэй шууд харьцаж байсан ойрын 58 хавьтлаас коронавирус илрээгүй. Япон улсаас шинжилгээний хариуг 20 минутад гаргадаг хурдавчилсан оношлуур ирсэн. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.