Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын нутагт ой хээрийн түймэр гаржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Онцгой байдлын хэлтэст гуравдугаар сарын 11-ний 12:40 цагт Орос, Монголын хилийн заагт ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Дашбалбар сумын Нарсан толгойн харуул, Хорины гол гэх газарт Баян-Уул сум дахь Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, Дашбалбар, Баяндун сумаас тус бүр 25, хилийн цэргийн ангиас 10 хүн ажиллаж тухайн өдрийнхөө 23:00 цагийн үед галыг цурманд оруулжээ. Улмаар гуравдугаар сарын 12-ны 04:00 цагийн үед галыг бүрэн унтраасан аж. Одоогоор хэдий хэмжээний газар шатсан талаарх эрсдлийн үнэлгээ хийхээр манай байцаагч газар дээр нь ажиллаж байгаа гэнэ. ОХУ-аас өнгөрсөн онд их, бага хэмжээний хоёр түймэр орж ирсэн. Харин он гарсаар түймэр гараагүй байсан юм.