СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Нямбаяр: Худалдааг зогсоосон гэчихээд шонхор шувуугаа гаргасаар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Зууны мэдээ” сонин шонхор шувууны эргэн тойронд асуудал хөндөж байгаа билээ. Энэ удаа шонхор шувууг хамгаалах талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, шувуу судлаач, доктор Б.Нямбаяртай ярилцсанаа хүргэе.

-Идлэг шонхорыг судлахын зэрэгцээ хамгаалах ажлыг санаачилж хэрэгжүүлдэг гэсэн. Шонхорыг ямар аргаар хамгаалж байна вэ?

-Манай байгууллага 2004 онд албан ёсоор байгуулагдан Хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Түүнээс өмнө 2-3 жил судалгааны ажлууд хийж байсан. Би АНУ-д махчин шувууны чиглэлээр магистр, дараа нь усны шувуудын талаарх судалгаагаар докторын зэргээ хамгаалсан. Энэ чиглэлээрээ өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна

Үндсэндээ манай байгууллага зэрлэг амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээний ажил дагнан хийдэг. Монгол дахь байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудаас мэргэжлийн түвшинд хүрсэн, тэр дотроо шувуу судлалаар мэргэшсэн байгууллага гэж болно. Зөвхөн идлэг шонхорын талаар гаргасан судалгааны ажлыг яривал цаг их орох байх. Зөвхөн идлэг шонхортой холбоотой сэдвээр гадаадын хянан магадлалтай сэтгүүлд манай судлаачид 13-14 нийтлэл гаргасан байгаа. Дэлхий нийтээрээ эрдэм шинжилгээний ийм сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлүүдийг судалгааны ажил гэж хүлээн зөвшөөрдөг жишигтэй.

Шонхор шувууг хамгаалах тухайд бол 5000 үүр хийж, байршуулан, дараагаар нь мониторингийн ажлыг хийж байсныг дурдах хэрэгтэй байх. Мөн одоогоор махчин шувууд тогонд цохиулж олноороо үхэж байгаа асуудлыг шийдэхээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус олон байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Манай төв шонхорын асуудлаар зөвхөн судалгаа хийж хамгааллын зөвлөмж, менежментийн шийдлийг боловсруулдаг судалгааны байгууллага.

-Шонхорыг гадагш гаргадгаас цөөрч байна. Тооллого явуулдаггүй, худалдсан мөнгийг юунд зарцуулдаг нь тодорхойгүй гэсэн шүүмжлэл гардаг. Тоог нь тогтоох бодитой аргачлал юу вэ?

-Манай улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн шонхор шувууг гадагш нь гаргаж эхэлсэн. Эхлээд судалгааны нэрээр, дараа нь худалдааны, дипломат харилцааны шугамаар гаргадаг болсон. Нэг үе худалдааны чиглэл нь тогтмолжиж ирсэн.

Тэгэхэд жилдээ 300 орчим шонхор гаргадаг байсан. Олон улсын байгууллагууд болон Зэрлэг амьтан ургамлын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын зүгээс Монголоос тогтмол гаргаж байгаа шонхорын тооны асуудлаас болоод худалдааг хорих санал гарч байсан. Учир нь та нар байгалиас нь шууд бариад гаргаад байна. Энэ нь байгаль дахь популяцид сөргөөр нөлөөлсөн байж магадгүй гэсэн шаардлага тавьж байсан.

Сөрөг нөлөөгүй гэдгийг Монгол Улс баталж чадаагүй. Уг нь үүнийг батлах хэд хэдэн боломж бий. Нэгдүгээрт, идлэг шонхорын тооллого хийж түүн дээрээ үндэслэн тоо толгойг нь тодорхойлж болно. Нөгөөх нь бидний хийгээд байгаа хиймэл үүрэн дээр мониторинг хийгээд гарсан, бойжсон ангаахайны тодорхой хувиар тоогоо тогтоож болно.

Эхний хувилбараар нь улсын хэмжээнд шонхорын тооллого хийж тоо толгойг гаргах хэцүү. Манайд хааяагүй тархалттай, тоо толгойн хувьд ч бас тийм ховор шувуу биш л дээ. Манай улсад шонхор тоолох ажлууд нэлээн хэдэн удаа хийгдсэн. Гаргасан тоо нь асар их хэлбэлздэг. Дөрвөн мянгаас 13 мянгын хооронд янз бүрийн тоо гаргадаг.

Зарим жил нь тооллогын мэдээнд улс төрийн нөлөө орсон тохиолдол ч бий. Ер нь идлэг шонхорын популяцийн тоо гаргах хэцүү. Энэ нь идлэг шонхорын тооллого хийж болохгүй гэж байгаа юм биш. Тоог нь гаргах хэцүү, гаргалаа ч тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх магадлал бага. Ер нь ямар ч зэрлэг амьтны тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр чанартай хийнэ гэдэг амаргүй. Ялангуяа идлэг шонхор шиг олон улс дамнасан худалдаа наймааны асуудлаар анхаарал татдаг, улс төрийн нөлөө ихтэй шувууг бид үнэн зөв тоолсон гэх хэцүү.

Үнэнийг хэлэхэд манайхнаас мэдээлж байгаа тоог хүлээн зөвшөөрөх газар олдохгүй дээ. Харин хиймэл үүрний бүтээмжээр тухайн жил гаргах шонхорын тоог гаргахад асуудал хамаагүй ойлгомжтой бөгөөд хялбар байдаг. Учир нь судалгааны хөдөлшгүй баримт дээр үндэслэгддэг.

-Хиймэл үүр шонхорыг хамгаалаад зогсохгүй судалгааны ажлын чухал талбар болдог гэсэн үг үү?

-Хиймэл үүрэнд хэдэн өндөг байна, хэд нь ангаахай болж бойжиж байна гэдгээр мониторинг хийж болно. Энэ судалгааг хийхэд тухайн аймаг, сумаас холбогдох мэргэжилтнүүд очоод хөндлөнгийн хяналт тавьдаг. Тиймээс гаргаж байгаа тоо баримт нь баталгаатай. Нөгөө талаас мониторинг хийхэд бид гаднаас сайн дурын ажилтан авч ажиллуулдаг, тэд давхар хяналт тавьж явдаг. Тэгэхээр судалгаагаар гаргасан тоо нь хэн нэгэн зохиосон биш бодит гэдэг нь ойлгогдоно.

Идлэг шонхор өөрөө үүр засдаггүй. Бусад шувууны үүрийг ашигладаг. Идлэг шонхорын төслийн хүрээнд 2009 оноос Төв аймгийн Ээж хад, Хэнтий аймгийн Дархан ууланд байх байгалийн үүр болон туршилтын талбай дахь хиймэл үүр дэх үржлийн амжилтыг харьцуулан гаргасан. Одоо байгаа хиймэл үүрний загварыг гаргаж авахын тулд өмнө нь ямар үүр хийх вэ, яаж хийх вэ, хаана байршуулвал үр дүнтэй вэ гэсэн тандан судалгаа, туршилтын ажлыг төслийн хүрээнд гурван жил шахам хийсэн.

Нийт дөрвөн янзын загвар гарган тал хээр газарт байрлуулаад, алийг нь идлэг шонхор сонгож үүрлэж байгааг, мөн аль үүрэнд нь ангаахай илүү сайн бойжиж байгааг судалсан. Ингээд одоо хэрэглэж байгаа хажуу бөөрөн талаасаа ордог үүрний загварыг ашиглахаар шидсэн юм. Төсөл өргөжин хэрэгжих үеэр тэр загвараа илүү сайжруулан дээр нь чих хийж тогтоосон.

Ингэснээр шилийн сар, хон хэрээ, хээрийн бүргэд зэрэг шувууд ашиглах боломжийг давхар шийдэж өгсөн. Ингээд төслийн дараагийн шатанд зүүн таван аймгийн болон 20 сумын байгаль орчны мэргэжилтнүүдтэй уулзаж ажлаа танилцуулж зөвлөлдөөд хиймэл үүрээ байршуулсан. Орон нутгийнханд ойлгуулж, хаа хаанаа мэдээлэлтэй байсан учраас төсөл хэрэгжихэд бэрхшээл гараагүй. Тухайн үед БОНХЯ, Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны хөгжлийн агентлагийн хамтран ажиллах гэрээний хүрээнд тэр төсөл хэрэгжсэн юм.

Тэдгээр хиймэл үүрийг 2010 оны өвөл хийж дуусахад, хойтон хавраас нь эхлээд шонхороос гадна шилийн сар, хон хэрээ, начин шонхор үүрлэж эхэлсэн. Хэдийгээр бид үүрлэж байгаа бүх шувуудыг бүртгэдэг ч зөвхөн идлэг шонхорын тоог л тогтмол гаргадаг. Хон хэрээ, начин шонхор, шилийн сар элбэг байдгийн зэрэгцээ тэгтлээ анхаарал татдаггүй. .

Ер нь хиймэл үүр шувуудад хэрэгтэйгээс гадна бэлчээрт хэт олширсон мэрэгчдийн тоог хянахад тустай. Учир нь шонхор, сар зэрэг тал хээрийн махчин шувуудын үндсэн идэш тэжээл нь цайвар үлийч буюу үлийн цагаан оготоно, бусад мэрэгчид байдаг. Энэ жил 1.8 тэрбум төгрөгийг үлийн цагаан оготно устгах хор цацахад төсөвлөсөн байгаа. Тэр их мөнгөөр бэлчээрийг хордуулснаас махчин шувуудыг хиймэл үүртэй болгох ажлыг дэмжвэл ногоон хөгжлийн бодлоготой уялдсан зөв шийдвэр болно.

Хиймэл үүрний төсөл их ажиллагаатай. Зүгээр хэдэн үүр бариад суурилуулчих зүйл огтоос биш. Бидний мониторингийн ажил хавар эхэлдэг. Шувууд өндгөө дарж эхэлсэн цагаас сүүлийн ангаахай үүрээ орхин нисэж явах хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд ангаахайнуудаа бөгжлөнө, бас микрочип суулгана. Хамгийн сүүлд бүх үүрээ цэвэрлэж цэмцийлгээд хойтон шувууд ирж дахин үүрлэхэд нь бэлэн болгоод тухайн жилийн ажил дуусдаг.

Ангаахайнууд 100 хувь бойжихгүй, үхэл хорогдол гардаг. Үүрээ орхиод нисч чадах ангаахайнуудын тоогоор тухайн жилийн үржлийн амжилт бүтээмж тодорхойлогдоно. Залуу шувуудын бие гүйцэж үржлийн насанд хүртэлх үхэл хорогдол хэчнээн байгааг тогтоох боломжийг бөгж, микрочип ашиглан судалдаг. Ер нь энэ их ажил бас овоо хүн хүч шаарддаг. Жилд 4-6 баг гарч, 5000 үүрийг 4-5 удаа шалгаж, ангаахайнуудыг бөгжилж, хамгийн сүүлд үүрнүүдийг цэвэрлээд дуусна гэдэг маш том ажил.

Энэ төсөл олон улсад үлгэр жишээ гэж үнэлэгдэж, үр дүнг нь Монгол Улс тогтвортой ашиглах ёстой гэсэн зөвлөмжүүд тухайн үед өгч байсан. Ер нь Монгол Улсын түүхэнд байгаль орчны чиглэлээр хийсэн ажлууд үүн шиг олон улсад үлгэр жишээ болж байсан тохиолдол цөөхөн. Тэр дотроо шувууны төрөлд олон улсад нэр хүндтэй болсон ийм төсөл байхгүй гэдгийг баттай хэлж чадна.

-Судалгааг харахад төсөл 2009-2014 он хүртэл амжилттай хэрэгжиж, 2015 оноос яагаад буурсан үзүүлэлт гарсан юм бэ?

-2012 онд шонхорыг Үндэсний бахархалт шувуугаар өргөмжлөн баталж, Засгийн газраас худалдааг хорьсон тогтоол гаргаж олон улсад зарласан. Тэгэхээр худалдааны асуудлаар Монгол Улсад идлэг шонхорын менежмент хийх ямар ч шаардлагагүй болноо доо. Гэтэл худалдааг зогсоосон гэсэн атлаа бодит байдалд шонхороо гадагш нь гаргасаар байгаа. Тиймээс Арабын Нэгдсэн Эмират улсын төслийн хөрөнгө оруулалт нь БОАЖЯ-ны үйл ажиллагаатай уялдахгүй болсон. Манай улс хэдэн шонхор гаргаж байгаа тухай олон улсад өгдөг тоо мэдээгээ хүртэл өгөхөө байсан.

Иймээс төслийг 2015 онд цаад талаасаа зогсооход хүрсэн. 2015 оны тоо бүрэн биш, мөн тухайн жил мэрэгчдийн тоо бага байсан. Дээр нь 1000 орчим үүр хулгайд алдагдсан гээд хэд хэдэн шалтгаан бий. Уг нь энэ төслийн судалгаанд үндэслэн Монгол Улс худалдаалах шонхорын тоогоо гаргаад явна гэсэн загвар байсан. Гэтэл төслийнхөө үр дүнг ашиглахгүй болохоор бүх зүйл авцалдаагүй болж зогссон. Хамгийн гол нь энэ төсөл уул нь манай улсын шонхорын худалдаанд их ач холбогдолтой ажил байсан гэдгийг л хэлэх байна даа. Засгийн газар, яам хоёр одоо энэ ажлыг сэргээе гэвэл олон улсын зүгээс дэмжигдэх л байх.

Учир нь Монголд хэрэгжсэн энэ төслийн загвараар одоо Хятад, Казахстан хоёрт төсөл хэрэгжиж байна. Алсдаа энэ улсууд шонхорын зах зээлд хүчтэй өрсөлдөгч болж ирэх болов уу гэж харж байна. Эндээс хэн хохирч байна гэвэл нэгд, Монголын шонхор, хоёрт, манай улс байна даа. Магадгүй биднийг ингээд ярихаар энэ нөхөр шонхорын наймааг дэмждэг хүн байна гэж бодож магад юм. Бид шонхорын худалдааг дэмжихгүй, гэхдээ энэ шувуу бол байгалийн нөхөн төлждөг баялаг, дээр нь манай улсын Засгийн газар энэ шувууг зарах, бэлэглэхээ зогсоохгүй нь ойлгомжтой тул шувуундаа хэрэгтэй хамгийн зөв шийдлийг эрж олох шаардлагатай байгаа юм.

Шонхор шувууны ачаар манай дэд бүтцийн хөгжилд хэчнээн хөрөнгө оруулалт орж ирэв. Ингээд бодохоор нэг талаар их буянтай шувуу, нөгөө талаар жаахан азгүй шувуу шүү. Бид судлаач хүмүүс тул яавал энэ идлэг шонхорын худалдаа, бэлэглэлийг байгаль дахь популяцид сөрөг нөлөөлөлгүй явуулах вэ гэдэг арга олохыг л хичээж байна. Үүний шийдэл нь хиймэл үүр байлаа. Тэр гадагш гаргаад, тогонд цохиулж үхээд байгаа шувуудыг энэ хиймэл үүрэнд жил бүр бойжиж байгаа ангаахайнууд нөхөж байна гэхэд бараг л буруудахгүй болов уу.

Ховор шувуудын популяцийг хиймэл үүрний тусламжтайгаар үржлийг нь тэтгэж тоо толгойг өсгөдөг практик маш олон оронд бий. Манай оронд идлэг шонхорт хиймэл үүр барьж өгөх ажлыг 1998 онд АНУ-ын эрдэмтэн Дэвид Эллис гэдэг хүн хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш хэд хэдэн байгууллага төсөл хэрэгжүүлэн тэр ажлыг сайжруулан ажилласан. Манай хиймэл үүрний төсөл мөн адил, гэхдээ шинжлэх ухааны судалгаа сайтай бодит үр дүнтэй ажил болж чадсан.

-Идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж үхдэг нь тоо толгой цөөрөх нэг шалтгаан болдог уу?

-Мэргэжлийн бус хүмүүс өндөр хүчдэл гэдгийг цахилгаан гэж ганц ойлголтоор ойлгоод байгаа юм. Тэр шувуу ихээр алаад байгаа нь нам хүчдэлийн буюу 6-15-ын кВ-ын дамжуулах шугам байдаг. Өндөр хүчдэлийн буюу 35-220 кВ-ын түгээх шугамд шонхор шувууд тогонд цохиулж тэр болгон үхээд байдаггүй. Бүргэд, тас, өрөвтас зэрэг том биетэй шувууд өндөр хүчдэлийн шугаманд тогонд цохиулах нь бий. Хоорондоо асар их зөрөөтэй цахилгаан шугам сүлжээний бүтцүүд. Үүнийг бас их ойлгож яримаар байгаа юм.

Ихэнхдээ идлэг шонхор, шилийн сар зэрэг махчин шувууд 15 кВ-ын шугамд цахилгаанд цохиулж, зарим тохиолдолд нисч явахдаа цахилгааны утас эсвэл шонг мөргөж үхдэг. Гол асуудал нь төмөр бетон цутгамал тулгууртай цахилгааны шонгуудын оройн бүтэц загварын алдаатай хийгдсэнээс энэ аюул нүүрлэж байна. Үүнийг засахаар БОАЖЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 6-15 кВ-ын дамжуулах шугамын стандарт гаргах, одоо байгаа шонгуудыг аюулгүй болгох хамгаалах хэрэгслийн загвар гаргахаар ажиллаж байна. Мөн энэ асуудлаар БОАЖЯ-тай хамтран эрчим хүчний дамжуулах, түгээх шугамынхантай 2013 онд үндэсний хэмжээний уулзалт хийсэн. Гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудтай санал солилцож, туршлага судалж байна. Энэ чиглэлээр олон ажил хийж ирсэн, тус бүрийнх нь тухай яривал дуусахгүй, тусдаа нэг том сэдэв болох байх.

Дашрамд хэлэхэд хиймэл үүрэнд бойжсон маш олон ангаахай шонгийн модны доороос тогонд цохиулсан байдалтай олдож байна. Бид тэднийг бойжуулаад байдаг, тэд тогонд цохиулж үхээд байдаг, Засгийн газар нь гаргаад байдаг. Манай улсын шонхорын худалдаа маань дипломат шугамаар бэлэглэх гэдэг гоё нэр зүүсэн л болохоос хэвээр байгаа шүү дээ.

Энд Засгийн газар улсын нууц тогтоол гаргаад явуулаад байдаг. Цаад талдаа дипломат шугамаар хийж байгаа ажил гэж хардаг хүн дэндүү цөөн шүү. Олон улсын байгууллагууд манай улсыг шонхорын худалдаагаа яаж хийж байгааг маш сайн ажиглаж л байгаа, тэд тэнэг биш. Муу нуухаар сайн илчил гэдэг үг байдаг. Тэрийг л бодмоор байгаа юм. Судлаач хүний хувиар дахиад хэлэхэд энэ Засгийн газар, БОАЖЯамны удирдлага хиймэл үүрний төслийн туршлага, загварыг дам хүний амаар эсвэл сонин хэвлэлээр биш, бидэнтэй биечлэн уулзаад нэг сайн сонирхоод үзээсэй л гэж хүсэх юм даа.

-Гэхдээ поошиг тайрч хийсэн шонхорын тэр үүрнүүд шаардлага хангахгүй, тал хээрийн салхи ихтэй нутагт хүйтэн төмөр дотор шувуу өвөлжих боломжгүй гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар та юу хэлэх бол?

-Саяхан танай сонинд төмрөөр хийсэн хиймэл үүрэн дотор ангаахайнууд бараг л шарагдаж үхдэг байх магадлалтай гэсэн маягийн сэтгэгдэл МУИС-ийн багш, шувуу судлаач, доктор С.Гомбобаатар бичсэн байсан.

Энэ их хариуцлагагүй мэдээлэл юм. Учир нь нэгд, үүр өөрөө битүү сав бас биш, том амтай, хажуудаа агаарын солилцоо чөлөөтэй нэвтрэх салхивч нүхнүүдтэй, түүгээрээ тэр дулаан зохицуулагддаг, хоёрт дээвэртэй тул харин ч халуун нар ангаахайнууд дээр шууд тусахаас хамгаална, гуравт хагас битүү үүр тул ангаахай хүчтэй салхинд цохиулах, хийсч унах аюулгүй, дөрөвт хиймэл үүрэн дэх шонхорын үржлийн амжилт байгалийн үүрнийхээс арай илүү байдаг.

Ер нь шонхор шувууд тэдгээр үүрүүдийг өөрсдөө сонгож ашиглаж байгаа, тэдэнд байгалийн үүр гэсэн сонголт бас бий. Ухаалаг амьтан болохоор хаана юунд үүрлэхээ ер нь мэднэ дээ. Зун гадаа агаарын температур +35 хүрэх тэр үед идлэгийн ангаахайнууд аль хэдийнэ том болдогоо болоод үүрээ орхисон байдаг. Мэдээж өвөл ангаахай үүрэнд байхгүй. Гэхдээ бие гүйцсэн шувуу хааяа ирж хоноглодог, учир нь тэдэнд өвөл нөмөр нөөлөгтэй тухтай оромж болдог. Ер нь төмөр үүрнээс болоод дотор нь шувууд үхээд байвал бид энэ ажлыг үргэлжлүүлэхгүй зогсоох л байсан шүү дээ.

Ер нь поошиг хэрэглэдэг нь бас учиртай л даа. Нэгдүгээрт поошиг нь удаан жилийн настай. Хоёрдугаарт барихад амархан, зардал бага гарна. Гуравдугаарт, идлэг шонхор, шилийн сар нь төмөр, мод, бетон бүтэц зэрэгт хамаагүй үүрлэдэг шувуу. Поошиг бол витафитийн жүүсний сав учраас ямар нэгэн хортой нөлөөгүй. Үйлдвэрээс нь шууд худалдаж аваад үүр хийсэн. Би түрүүнд хэлсэн, үүрний дөрвөн загварыг туршсан гэж. Дээр нь тэдэнд байгалийн үүр зөндөө байгаа. Тэгэхээр шонхорын үүр бол хүний сонголт биш. Бид загвар гаргаад шувуунд сонголтыг нь олгосон.

Манай хиймэл үүрэн дотор тухайн газрын хөрснөөс дэвссэн байх учраас шувуу тэрийг хонхойлоод шууд үүрлэх боломжтой. Хүмүүс шонхор шувууг авчраад хүчээр үүрэнд байлгаад байгаа юм биш, шувууны сонголтын асуудал. Шувуу тэр үүрэнд үүрлэхгүй ч байж болно шүү дээ. Хиймэл үүрэнд бойжсон ангаахайнууд нүүдэллэж, хаа байсан Төвдийн өндөрлөг орж өвөлжөөд буцаад ирж байгаа нь эрүүл саруул бойжсоных. Өнгөрсөн жил 10 бодгаль шилийн сарын ангаахайд дохио дамжуулагч зүүсэн, бас л асуудалгүй одоо энд тэнд явж л байна.

-Шонхор шувууны тооллого хийх хэцүү гэсэн. Танай төв ийм оролдлого хийж байв уу?

-Манайх бие даасан тооллого хийж үзээгүй. Ийм оролдлого хийж байсангүй. Юуны өмнө энэ ажлыг хийх шаардлагыг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Хуулиндаа амьтдаа тодорхой хэдэн жил болоод тоолно гээд заачихсан тул тооллого хийх ёстой гэдэг. Би үүнтэй санал тэр болгон нийлдэггүй. Мэдээж зарим тал дээр нийлэх зүйл байлгүй яахав. Ер нь хууль дагах ёстой бол бүх амьтдаа тоолох хэрэгтэй биз дээ. Өнөөгийн эдийн засаг, хүний нөөцийн хувьд арай л хүндрэлтэй асуудал. Ер нь шонхор тоолох гэдэг хүн хүч, орон зай, урт хугацаа, зардал их шаардсан ажил. БОАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тооллого зохион байгуулсан. Хамгийн сүүлийн тооллогыг ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Шувуу судлалын нийгэмлэг хамтран хийсэн байдаг.

Ер нь зэрлэг амьтны популяцийн тооллогын дүн байнга асуудалтай байдаг. Учир нь мэргэжлийн үүднээс авч үзэхэд тэрхүү гаргасан тоо хэр үнэмшилтэй вэ гэхэд хэцүү. Нэгдүгээрт, хээрийн судалгаагаар үзэгдэн бүртгэгдсэн шувууд бол Монгол дахь хамгийн доод талын тоо байх ёстой. Тэр тоогоо явсан газар нутагтай харьцуулсны үндсэнд багцаалсан дүнг гаргадаг юм.

Гэтэл тооллогын хугацаа буруу сонгосноос болоод сүүлийн тооллогод арай л өндөр гарчихшиг болов уу гэж бодож байна. Учир нь сүүлийн тооллогыг 6-7 сард явуулсан, өөрөөр хэлбэл тухайн жилийн нисгэл ангаахайнууд ихээр тоологдсон байх бүрэн үндэслэлтэй. Ийм судалгаан дээр үндэслэж Засгийн шийдвэр гарах жаахан тусгүй л байгаа юм. Тиймээс идлэг шонхорын тооллогыг хугацаанд шахагдалгүй, мэргэжлийн хүмүүс хийх ёстой юм.

Хэрэв тооллогын дүн зөвхөн гадагш гаргах шонхорын тоог тогтооход хэрэгтэй байгаа бол хиймэл үүрэнд бойжсон ангаахайнуудын тоог барихад хангалттай. Тэртээ тэргүй хиймэл үүр төсөл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд дэмжигдсэн ажил тул хэн ч буруутгахгүй. Харин ч дэмжинэ. Иймд тусад нь асар их зардал болж тооллого хийх хэрэггүй. Хэрэв би мэддэг байсан бол тэгэх л байсан. Харин тэр хэмнэсэн мөнгөөрөө хотон, мазаалай, цаа буга, хандгай мэтийн нэн ховор амьтдаа тоолох, хамгаалахад зарцуулна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

2020.3.13 БААСАН № 49 (6274)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.