СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-13

Квот “хөдлөөгүй” ч нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өссөөр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтээс хоёр зорилтоо хангаж чадаагүй байна. Үүний нэг нь улс төр дэх жендэрийн тэгш байдал юм. гэсэн үг.

Үүнийг хүн амын талаас илүү хувийн төлөөлөл гэж тооцохоор маш хангалтгүй үзүүлэлт болж байгаа юм. Мөн манай улсад албан тушаалын шатлал өгсөх тусам эмэгтэйчүүдийн тоо буурдаг урвуу хамаарал тогтжээ. Үүнд эмэгтэйчүүдийг үнэлэх нийгмийн тогтсон хандлага нөлөөлдөг. Хоёрдугаарт, улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал, улс төр дэх шударга байдлын түвшин нөлөөлдөг болохыг НҮБ-ын шинжээчид гаргасан.

Жендерийн асуудалд ахиц авчирах гол зүйл нь мэдээж хууль, эрх зүйн орчин. Гэвч хамгийн сүүлчийн жишээ гэхэд Сонгуулийн хуульд манайх эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох гээд чадаагүй. Парламент хэлэлцэхэд нэг л гишүүний кноп дутаж санал унасан байдаг. Ийнхүү сон­гуулийн хуулийн үйлчлэл эмэгтэйчүүдийн хувьд өмнөхөөр явагдах нь.

Энэ төрлийн судалгааг харахад Улсын бага хурал 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хоёр эмэгтэй гишүүнтэй байсан. Үүний дараагаар Үндсэн хууль батлагдан парламентын тогтолцоонд шилжин, анхны УИХ-ын сонгууль 1992 онд болоход 293 хүн нэр дэвшиж,76 гишүүн сонгогдсоноос дөрөв нь буюу 5.3 хувь нь эмэгтэй гишүүн сонгогдсон байна.

Улмаар 1996, 2000 онд нийт нэр дэвшигчдийн 1.5-2.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 2004 оны сонгуулиас хойш нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, 2012 онд хамгийн өндөр 32.0 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 2004 оноос өмнөх сонгуулиудад нэр дэвшигч 100 хүн тутмын 2-3 нь эмэгтэй байсан бол түүнээс хойш 14-32 болж нэмэгджээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо аажмаар өссөн хэдий ч УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүд байхгүй байна. Ерөнхийлөгчийн долоон удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшсэнээс нэг нь эмэгтэй байсан байна.Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын түвшинд 12.5 хувь, дэд сайдын түвшинд 38.0 хувь, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд байхгүй байна.

Эндээс дүгнэхэд, хэдийгээр 2004 оноос УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөж, нийт нэр дэвшигчдийн 32 хувьд хүрч, сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо мөн адил нэмэгдсэн хэдий ч улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30.0 хувь болгох хангаж чадаагүй байна.

Түүнчлэн дээд боловс­ролтой эмэгтэйчүүдийн хувь өссөн хэдий ч шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуульд заасан квотуудын түвшинд хүрээгүй байсаар байна.

Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн В.Удвал: Эмэгтэйчүүд нийгэмд зөөлөн шийдвэр гаргаж чаддаг

-Сонгуулийн хууль яг өмнөхөөрөө буюу эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар батлагдсан. Бид хэчнээн тэмцээд ч шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь эрэгтэйчүүд учраас хүчин мөхөсдсөн. Төрөөгүй эрэгтэй хүн төрж байгаа эмэгтэйдээ зориулсан ийм шийдвэр гаргаж чадахгүй байна. Бид 2015 онд гэхэд парламентын гишүүдийнхээ 30 хувийг эмэгтэйчүүд болгоно гэсэн зорилт тавьсан. Түүнийгээ биелүүлж чадаагүй л байна. Түүний дараа мөн Бээжингийн тунхагаас энэ төрлийн үүрэг амлалт авсан. Ер нь эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд очсоноор нийгэмд чиглэсэн зөөлөн шийдвэрүүдийг гаргаж чаддаг болохыг олон улсын жишээнүүд харуулдаг.

ҮСХ-ний дарга А.Ариунзаяа: Социализмын үед эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсан

-Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Манай улсад сүүлийн жилүүдэд энэ хувь хэмжээ нэлээд доошилсон байдаг. Хууль эрхзүйн хүрээнд 20, 15 хувь гэсэн тоо байдаг ч хэрэгжихгүй байна. Нөгөө талаас улс төрийн албан тушаалд томилогддог хүмүүсийн хувийн мөн Жендерийн тэгш байдлыг тухай хуульд тодорхой заасан байна.

Гэтэл мөн л томилж байгаа хүн нь жендерийн асуудлыг авч үздэггүй. Сонгогддог төвшин буюу УИХ-д нэр дэвшигчдийн тоог харахад эмэгтэйчүүдийн үзүүлэлт сайн байна. Тухайлбал, 2008 онд 66 эмэгтэй нэр дэвшиж байсан бол 2012 174, 2016 129 гээд жилээс жилд нэмэгддэг. Гэсэн хэдий ч сонгогдож гарч ирж байгаа тоо нь буурсаар байна. 2012 онд гэхэд 11 эмэгтэй гишүүнтэй байлаа. 2016 онд 13 нь гишүүн боллоо. Энэ нь хамгийн өндөр тоо. Гэтэл социализмын үед манай эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь нэлээд өндөр байсан. Түүнээс буурсан үзүүлэлтүүд харагдаж байгаа нь энэ салбарт асуудал бий гэдгийг харуулж байна.

Т.БАТСАЙХАН

2020.3.13 БААСАН № 49 (6274)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.