Их Британийн хөлбөмбөгийн Арсенал клубын менежер Микел Артетагийн коронавирусийн халдварын шинжилгээ эерэг гарсныг спортын эх сурвалжууд мэдээлжээ. Тиймээс Арсенал баг бямба гарагт Английн Премьер лигт Брайтоны эсрэг тоглох ёстой байсан ч тоглолтыг хойшлууллаа.
Клубын менежер, дасгалжуулагч Артета коронавирусийн халдвар авсан тул түүнтэй ойр байсан баг, клубын гишүүд өөрсдийгөө тусгаарлан шинжилгээнд хамрагдах ба бэлтгэл сургуулилалтуудыг бүрэн зогсоосон байна. Премьер лигийн удирдлагууд өнөөдөр буюу баасан гарагт шуурхай хуралдаж, цаашид хэрхэх талаар хэлэлцэхээр болжээ.
Энэ жил 37 настай Артета “Өөрт тохиолдсон явдалд үнэхээр сэтгэл дундуур байна. Бие маань нэг л таагүй санагдаж шинжилгээ өгсөн юм. Удалгүй бүрэн эдгэж ажилдаа орно” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC Sport