Хөл хорио тогтоосноос хойш ахуйн архидалт нэмэгджээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд согтуу хүмүүсийн хашхичих дуу, төмөр торны хяхтнах чимээ үл тасарна. Эрүүлжүүлэх байрны нэг өрөөнд 5-7 хүн байх аж. Тэд ногооноор будсан нааран дээр хүрэн бүтээлэг нөмрөн хэвтэцгээнэ. Сараалжин хаалганы цоож тачигнуулан “Хөөе байцаагч аа, би аль өглөө ирсэн. Одоо гаръя аа. Миний архи гарчихсан” хэмээн уцаарлах хүмүүс ч байлаа. Тэр бүү хэл, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, чангахан дугтарсан ч сэрэхээргүй тасарсан нэгэн ч байв. Тус эрүүлжүүлэх төв архи хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 24 цаг саатуулах арга хэмжээ авдаг.
Мөн нийслэлийн дөрвөн дүүргээс биеэ авч явах чадваргүй болсон иргэд ирдэг гэнэ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтэс, Баянзүрх дүүргийн таван хороо, Сонгинохайрхан дүүргийн гурван хороог хамран ажилладаг. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд 4178 хүн тус төвд эрүүлжүүлэгдэж, Зөрчлийн тухай хуулиар 360 хүн саатуулагджээ. Бид тус эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Атарбаяртай хамтран энэ сарын 11-12-нд шилжих шөнө сурвалжилга бэлтгэлээ.
Хөл хорио тогтоосон ч эрүүлжүүлэх байрны ачаалал буурахгүй байна
Энгийн үед гудамж, талбай, олон нийтийн газар, баар, караокед танхайрсан хүмүүс эрүүлжүүлэхэд олноор ирдэг гэнэ. Харин сүүлийн хэдэн өдөр буюу баар цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоосноос хойш ахуйн хүрээний архидалт ихэсжээ. Архидалтаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Энэ сарын 11-нд тус төвд 89 хүн эрүүлжүүлэгджээ.
Тэдний 37 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Харин өчигдрийн 00.15 цагийн байдлаар тус төвд 26 иргэн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нэг иргэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 24 цаг саатуулагдаж байв. Энд ирсэн согтуучуулын ярианы гол сэдэв хүний эрх. Тодруулбал, “Хөөе, би хоёрхон шил пиво уусан.
Цоо эрүүл хүн байна. Эрүүл саруул хүнийг хорих хууль байхгүй шүү. Намайг гаргаад явуулчих. Би хэл ам хийхгүй, эхнэртэйгээ өөрөө учраа олчихъё”, “Төрийн хувцас өмссөн та муу сайн юмнууд миний гэрт ирж намайг барьдаг хэн бэ”, “Бие засмаар байна. Энэ чинь хүний эрх биз дээ. Та нар хуулиа мэдэх үү” гэх мэтчилэн цагдаагийн алба хаагчдыг элдвээр хэлнэ.
Б.Атарбаяр: Архидан согтуурах үйлдэл хэрээс хэтэрлээ
Эрүүлжүүлэх, саатуулах төвд энгийн үед 50 гаруй иргэн ирдэг бол ачаалалтай үед 100 гаруй болж нэмэгддэг гэнэ. Мэдээж нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр ачаалал ихтэй байдаг аж. Мөн тэтгэвэр буух үеэр ахмадууд, халамж буух үеэр эмзэг бүлгийнхэн гэх мэтчилэн хэн, хэзээ орлоготой болно тэр цагтаа архи ууж, улмаар зөрчил гаргадаг.
Согтууран агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, бие махбодид халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг дуудлагын дагуу тэднийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид баривчилж тус төвд авчирдаг. Эрүүлжүүлэх, саатуулах төвийн ачаалал, ажлын онцлогийн талаар Б.Атарбаяраас тодруулахад “Энэ оны эхний гурван сарын байдлаар 4178 хүнийг эрүүлжүүлсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлсэн хүний тоо 129-өөр нэмэгдсэн.
Мөн энэ онд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу 1880 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93-аар өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан баар, караоке гэх мэт цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэдий ч ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан архидалт буурахгүй байгаа бөгөөд хүмүүс ихэвчлэн орон гэртээ архи ууж, агсам согтуу тавих, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол өсөж байна.
Тухайлбал, манай төв 50 хүн эрүүлжүүлэх нормтой байтал ачаалалтай үед 100 гаруй хүн эрүүлжүүлэх тохиолдол ч гарч байна. Архидан согтуурах үйлдэл хэрээс хэтэрлээ гэж хэлж болно. Хорио цээр тогтоосон ч архидалт буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, манай төвөөр эрүүлжүүлэгдэж буй хүний тоо энгийн үетэй адил байна. Мэдээж эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн ажлын нөхцөл хүнд. Согтуу хүмүүстэй харьцахад ямар сайн байх вэ дээ. 24 цаг тэдэнтэй ажиллана гэдэг хэцүү. Тэглээ гээд бид хаяад явж болохгүй. Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагынхаа төлөө, өдөр тутам хийх ёстой үүргээ гүйцэтгэж байгаа болохоор зовлон тоочоод байхгүй” гэв.
“Хоёрхон пиво ууж, эхнэртэйгээ жаахан маргалдсаны төлөө энд аваад ирлээ”
Эрүүлжүүлэх байр хүн байхын аргагүй огиудас хүрэм үнэртэй аж. Үүдээр нь орох төдийд л эрүүлжүүлж буй хүмүүсийн архи, хир даг, шивэр, хулмас, цус холилдсон эхүүн үнэр сэнхийнэ. Энэ газрын үйлчлэгч тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, угааж цэвэрлэдэг боловч нэвширсэн үнэр үл сална. Тасартлаа уусан долоон хүн бөөр бөөрөө нийлүүлэн хэвтэх өрөөнд орж, хэдхэн минут болоход дотор муухайрч, толгой эргэв.
Харин цагдаагийн алба хаагчид эл үнэр болон согтуу хүмүүсийн дуу, чимээнд аль хэдийн дасал болж дөжирчээ. Тэдний хэн нь ч “Яасан муухай үнэртэй юм, байхын арга алга” гэж үл хэлнэ. Ямар ч муухай үнэр, сэжиг хүрэм зүйл байсан ч тэдний хийх ёстой ажил тул тэд цэрвэнэ гэдгийг мартсан бололтой. Эрүүлжүүлэгдэж буй хүмүүс сараалжин хаалганыхаа цоожийг байн байн тогших нь түгшүүртэй сонсогдоно.
Эрүүлжүүлэгдээд 12 цаг болж буй гэх иргэн Б “Би өдөр 12:00 цагт энд ирсэн. Уг нь сүртэй юм болоогүй л дээ. Хөл хорио тогтоосон учир манай ажил түр хугацаанд амрахаар болсон. Өглөө ажил цуглаад, амарна гэдгээ сонсчихоод ажлынхантайгаа хоёр, гурван цаг суусан юм. Гадуур бүх юм хаалттай, тэгээд ч өглөө эрт болохоор дарга нарыг явахаар нь ажил дээрээ уусан.
Манайхан хатуу архи, харин ах нь хоёрхон пиво уусан. Тэгээд 11:00 цагийн үед гэртээ харихад эхнэр маань хэл амаар доромжилж, үгээр идээд болдоггүй. Би ч мөчөөгөө өгөхгүй баахан хэрэлдсэн. Тэгж байтал гэнэт л цагдаа орж ирээд, энд авчирсан. Би эхнэртээ гар хүрч, зодож цохиогүй болохоор хийсэн буруугаа мэдэхгүй л байна. Энд ирээд 12 цаг болчихлоо. Уусан пиво ч гарчихсан болохоор гэртээ харимаар байх юм. Хүн байна даа, эхнэртэйгээ үг хэлээ ололцчих байлгүй. Өөрийнх нь буруу болохоор надаас уучлалт гуйх байх. Хүний амьдралд эхнэр, нөхөр хоёр маргалдахыг алийг нь тэр гэх вэ дээ” хэмээв. Түүний хэлж буйгаар хүний амьдралд маргалдах, үг сөрөх цаг мөч цөөнгүй.
Гэвч тэрбээр эхнэртэйгээ зүгээр нэг хэрүүл хийгээгүй бололтой. Учир нь түүний гар хуруу зүсэгдсэн, цамцных нь зах урагдсан байлаа.
“Яаж гарах аа л бодож байна даа”
Энд саатуулагдсан хүмүүсийн яриаг сонсох бүрт эхнэр эсвэл хамтран амьдрагчдаа зодуулж, түр хамгаалах байранд ирсэн мэт санагдах аж. Гэвч тэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчил гаргасан гэмт этгээдүүд юм.
Биднийг ирээд удаагүй байхад буюу 00:50 цагийн орчимд харьяа дүүргийн цагдаагийн хоёр алба хаагч нэгэн согтуу эрийг сугадан орж ирэв. Дунд зэргийн нуруутай, монхор хамартай эр ууртай байгаа бололтой хоёр гараа тас атгаж, хөмсөг зангидан зогсоно. Түүний хамар болон баруун талын хөмсөг урагдаж, энд тэндгүй цус болсон байлаа. Цагдаагийн алба хаагч түүнээс холбогдох мэдээллүүдийг тодруулж, өмдний тэлээ, бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгийг нь хурааж авах аж.
Түүнээс дараах асуултад хариулт авсан юм.
-Таныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж энд авчирчээ. Та ямар хэрэг хийсэн бэ?
-Сүртэй хэрэгсээд байх юм байхгүй. Зүгээр найзуудтайгаа архи уусан. Дараа нь эхнэртэйгээ муудалцсан, тэгээд л ачигдаад ирлээ.
-Таныг эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн байна. Эхнэрээ зодож танхайрсан юм биш үү?
-Эхнэрээ зодсон юм байхгүй. Би нэг ч удаа гар хүрч үзээгүй.
-Тэгээд яагаад нүүр тань урагдчихсан, хаа сайгүй цус болчихсон юм бэ?
-Муудалцаж байхад эхнэр над руу таваг шидсэн. Тэгээд л энэ хамар жаахан шалбарчихсан байх.
-Коронавирусийн анхны тохиолдол манай улсад бүртгэгдчихлээ. Гэтэл та маск ч зүүгээгүй байна. Дэлхий дахиныг цочроож байгаа энэ өвчний талаар мэдээлэлтэй байгаа юу?
-Гадуур амтай бүхэн л ярьж байна. Архи уувал сайн гэсэн байсан. Ах нь арай ч тэр өвчнөөр өвдчихгүй байлгүй дээ. Монгол хүн байна даа, тийм азгүй юм гэж хаана байх вэ.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаад цагдаа нарт баригдаж, одоо эрүүлжүүлэгдсэн байна. Өмнө нь эрүүлжүүлэхэд орж байсан уу. Танд юу бодогдож байх юм?
-Өмнө нь ийм газар орж байгаагүй. Яаж гарах аа л бодож байна. Хурдан л гарах юм сан.
Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоё
Эрүүлжүүлэх байранд олны хөл үл тасарна. Хөнгөн гэмтэл авсан хүмүүсийг, тэднийг хүлээлгэж өгөх гэсэн цагдаагийн алба хаагчдыг харахад ГССҮТ-ийн хүлээн авах тасгаас ялгаагүй аж. Шөнийн 03.00-05.00 цагийн хооронд эрүүлжүүлэхэд ирэх хүний тоо нэмэгддэг гэнэ. Ямартай ч биднийг явах 05.15 цагийн орчимд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх, саатуулах төвд эрүүлжүүлэгдэж буй хүний тоо 52 болж нэмэгдээд байв. Цагдаагийн байгууллагын салбар эрүүлжүүлэхүүдээс нэгийнх нь шөнийг сурвалжлахад дүр зураг ийм байна.
Тэгвэл Улаанбаатар хотод ганцхан шөнийн дотор хэдэн хүн архидаж, хэдэн гэр бүл маргалдаж, хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа бол. Манай улсад коронавирусийн цар тахлын анхны тохиолдол бүртгэгдээд хэдхэн хонож байна. Нийгэм даяараа л айдас, түгшүүртэй байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл дарин дээр давс нэмэхийн үлгэрээр хавтгайрсан архидалт хэрээс хэтэрлээ. Олон нийтийн цэнгээний газрыг хаасан ч архидалт багассангүй.
Харин ч ахуйн хүрээний архидалт нэмэгдсээр байна. “Бор гэрт богд, хар гэртээ хаан” болсон эрчүүд архинаас болж адгуус мэт авирлах нь олширлоо. Тухайлбал, дүүрэг бүрийн цагдаагийн хэлтэст өдөрт дунджаар 60-70 удаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирж байна. Халдварт өвчинд улс орноороо анхаарал хандуулж байх хооронд ууртай, эр бяраа барьж ядсан ихэрхүү эрчүүд эхнэрээ зодож, хүүхдээ хүчирхийлэх үйлдэл тасрахгүй нь.
Тиймээс үргэлж биш юм аа гэхэд ядаж хөл хорио тогтоосон энэ үед архи согтууруулах ундаа худалдахыг бүр мөсөн хорьё. Ингэж байж энхрий үрс ээж, аавынхаа халамж, хайранд эрхэлж чадах нь. Тэгэж байж л өдөр бүхэн нөхрөөсөө айж, гэртээ харихаас зүрхшээдэг бүсгүйчүүдийн зовлонг хэдхэн өдөр ч гэсэн нимгэлэх нь. Улаанбаатар хотын гудамж бүрт цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүдээ төр нь хамгаалъя.
Г.Ган-Эрдэнэ