Ковид-19 коронавирусийн халдвар улс орон хил хязгаар ангилалгүй тархсаар 127 орон, тусгай бүс нутагт бүртгэгдэж, 134,558 халдварын тохиолдол илэрч, 5,000 орчим иргэн нас баржээ. БНХАУ-аас гадна Итали улс халдварын хоёр дахь голомт болж халдварын тохиолдол 15,000 давсан байна. Тус улсад коронавирусийн халдварын улмаас мянга гаруй иргэн нас баржээ.
Дэлхийн улс орнуудын удирдагчид, улс төрчид халдвар авсан нь илрээд байгаа бөгөөд зарим нь өөрийгөө тусгаарлаж эхэлсэн. Пүрэв гарагт мэдээлснээр Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Грегуарт ханиадны шинж тэмдэг илэрч, коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Шинжилгээний хариу гарах хүртэл Ерөнхий сайд Трюдо өөрийгөө тусгаарлаж эхэлжээ.
Одоогоор Ерөнхий сайд Трюдод халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй боловч АНУ-ын хууль тогтоогчид, Их Британийн Эрүүл мэндийн сайд, Ираны Эрүүл мэндийн дэд сайд, Францын Соёлын сайд, Европын Парламентын Ерөнхийлөгч нартай нэгдэн өөрийгөө тусгаарласныг Засгийн газраас баталжээ.
Трюдо өдөр тутмын ажлаа гар утас, цахим уулзалтаар амжуулж байгаа хэмээн мэдээлсэн байна. Түүний эхнэрт хөнгөн зэргийн ханиадны шинж тэмдэг илрээд байгаа ажээ. Канад улсад коронавирусийн халдварын 142 тохиолдол илэрч, нэг хүн нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр өөрийгөө тусгаарлаж буй дэлхийн улс төрчдийн эгнээнд Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонаро багтсан бөгөөд төрийн тэргүүн коронавирусийн шинжилгээний хариугаа хүлээж байна. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа эргэж ирээд шинжилгээний хариу сөрөг гарсан ч айлчлалд хамт явсан албаны хүмүүсийн хамт хоёр долоо хоногийн турш тусгаарлагдаж байгааг дурджээ.
Эх сурвалж: CNN