Сонгодог хөгжмөөр таван жил хичээллээд Монгол Улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан 11 настай хийлч хүү Ч.Цэцэнг “Шинэ танил”-даа урилаа.
Тэрбээр, Бүгд Найрамдах Чех Улсад болсон “Косиан” сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд оролцсон сурагчдын нэг. Энэхүү уралдаанд амжилт гаргасан нэр бүхий сурагчдыг өчигдөр Засгийн газрын шийдвэрээр 9-19 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Тодруулбал, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй, Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарыг шагнана.
-Сайн байна уу. Юуны өмнө баяр хүргэе. Засгийн газрын шийдвэрээр авьяасаа үнэлүүлж, 19 сая төгрөгөөр шагнуулахаар боллоо. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Аав бид хоёр дөнгөж сая энэ тухай мэдлээ. Зөндөө их баярлаж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Сонгодог хөгжмөөр хэзээнээс хичээллэсэн бэ?
-Намайг Чинзоригийн Цэцэн гэдэг. Би 11 настай. 2009 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн. Хийл хөгжмөөр зургаан настайгаасаа хичээллэсэн.
-Гэртээ юу хийж амарч байна вэ?
-Зурагт үзэж, даалгавраа хийгээд, тоглож амралтаа өнгөрүүлж байна.
-Мөрөөдлөө хуваалцаач?
-Хөгжимчин болно.
-Хийл заасан багш нь хэн гэж хүн байдаг вэ?
-Монгол Улсын Консерваторийн виолончель хөгжмийн багш дэд профессор Ш.Дуламсүрэн гэж мундаг багш байгаа.
-Анх ямар тэмцээнд оролцож байв?
-Хоёрдугаар ангид байхдаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд ороод хоёрдугаар байх эзэлж байсан.
-Чехэд болсон залуу хийлчдийн уралдаанд ямар бүтээл тоглож “Бага нас” ангилалдаа түрүүлсэн бэ?
-Миний насны ангилалд 20 хийлч өрсөлдсөн. А.Рубенштений “Мелодий”, “Гүрж бүжиг” гэх ая тоглосон. Мөн цаанаасаа санал болгодог заавал тоглох ая гэж байдаг.
-Шагналынхаа мөнгийг юунд зарцуулах вэ?
-Шагналынхаа мөнгийг аваад хадгална.
М.Тунгалаг