Даяаршил хүн төрөлхтний өмнө өмнө үзэгдээгүй олон боломжийг нээсэн. Огт хараагүй, амталж үзээгүй хүнс, жимс, ногоо, амттаныг дэлхийн хаанаас ч тээвэрлэн, ямар л бол ямар байдлаар боловсруулан худалдаалах болсон нь манай үед бий болсон зүйл. Гэвч даяаршил бас өөрийн сорилт, асуудлыг бидэнд өгсөөр байна.
Олныг хамарсан өвчин, ган гачиг, дэлхийн дулаарал... Тэр дундаа одоо аль ч дэлгүүрийн лангуун дээр өрөөтэй байдаг авокадо, загас, гадил, кофе зэрэг хүнс ховордож, бүр устан үгүй болох нөхцөл үүсэж болзошгүй нь.
Цөөрсөөр буй сорт, үүлдэр
Ургамал, амьтнаар хооллож ирсэн мянга мянган жилийн хугацаанд хүмүүс ямар ч нөхцөлд дасан зохицож ургах чадалтай хүнсний ногоо, жимсний шинэ сортуудыг гарган авч, мал, амьтны мах, сүүний гарцыг арвижуулж, эрлийзжүүлж, үүлдрийг нь сайжруулж чадав. Хүн төрөлхтөн тив дамнан нүүхдээ хүнсээ ч орхиогүйн хүчинд жимс ногоо ч генетикийн хувьд шинэ нөхцөлд дасан зохицон өөрчлөгдсөөр иржээ.
Дараа нь бид аж үйлдвэржив. Хөдөө аж ахуйн уламжлалт хэв загвар өөрчлөн, аж үйлдвэржилтийн үйл явцад дасан зохицож эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, бүх л төрөл зүйл бус, гагцхүү их ашиг авчирч буй сорт, үүлдрийг л фермерүүд тарьж, үржүүлж байв. Ингэж генетикээр хувиргасан олон төрлийн сорт, үржил шимт мал, амьтны үүлдрүүд зах зээлд түрэн орж иржээ.
1903 онд Америкт ногооны үр худалдаалагчид байцааны 544 сорт, улаан лоолийн 408 сорт, эрдэнэ шишийн 307 төрлийн үр бүхий саналыг фермерүүдэд хүргэж байлаа. Гэтэл 100 жилийн дараа 28 төрлийн байцаа, 79 төрлийн улаан лооль, 13 төрлийн эрдэнэ шиш л тариалдаг болов. Амьтад ч ялгаагүй. Үхэр, гахайн үүлдэр махны чиглэлд, тахианых өндөг, махны чиглэлд л эрлийзжиж, тэр хэрээрээ генийн хувьд өөрчлөгдлөө.
Үүний зэрэгцээ өнгөрсөн зууны “толгойн өвчин” болсон экологийн доройтол, дэлхийн дулаарал ч үүнд нөлөөлж, зарим төрлийн ногоо, жимс устан, үгүй болоход ойртож байна.
Какао
Хэдэн зууны өмнө шоколад үнэтэй, амттаны дээд байлаа. 100 жилийн дараа яг л ийм болж мэдэх нь. Учир нь шоколадны түүхий эд болох какаоны өргөн навчит мод дулаан, чийглэг нөхцөлд ургадаг. Какаоны нийт үйлдвэрлэлийн 60 хувийг Баруун Африкт, тухайлбал, Гана болон Кот-д’Ивуар зэрэг орон эзэлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын улмаас уур амьсгал хуурайшиж, какаоны ургац буурсаар байна. 2050 он гэхэд какаоны тариалал эрхэлдэг бүсэд хэт халж, ган болох нь олширно гэсэн судлаачдын таамаг бий. Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг олон улсын байгууллагуудаас гаргаж буй судалгаагаар, Зааны ясан эрэг орчимд жилийн дундаж температур 2.1 хэмээр нэмэгдэх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, какао тариалдаг бараг бүх бүсэд ган болно гэсэн үг. Хэдийгээр дэлхийн бусад муж, улсад какао тариалдаг ч энэ нь хүн төрөлхтний одоогийн хэрэглээний багахан хэсгийг л хангаж хүрнэ. Тиймээс 30-40 жилийн шоколадны үнэ эрс нэмэгдэж, олдоц нь багасна гэж судлаачид онцолж буй.
Кофе
Кофег голдуу хоёр төрлийн үрээс гарган авдаг. Арабика (Coffea arabica) болон робуста (Coffea canephora) гэсэн хоёр төрлийг Бразилаас Вьетнам, Африк хүртэл асар том талбайд тариалдаг. Гэхдээ кофе тариалдаг бүс уур амьсгалын өөрчлөлтөд их өртдөг, тэр хэрээр кофены тариалан хохирол амсдаг. 2050 он гэхэд кофе тариалах талбайн хэмжээ хоёр дахин багасаж, тэр тусмаа халуунд тэсвэр муутай робустагийн үйлдвэрлэл хумигдах нь.
Дарс
Дэлхийн дулаарлын улмаас үйлдвэрлэл нь хумигдах хүнсний нэг бол дарс. Франц, Газар дундын тэнгис орчмын бүсэд одоо ч байдал сайнгүй. Зундаа хэт халж, хур тунадас багасан, уур амьсгал өөрчлөгдсөнөөр Европын дарсны үйлдвэрлэл 50-65 хувь, Калифорни, Австралийнх 70 хүртэл хувиар буурах магадлалтай. Үүнээс урьтаж ган, халуунд тэсвэртэй усан үзмийн сорт гаргаж авах шийдэл бас бий.
Авокадо
Ган гачиг ихсэж буй нь чийглэг газар, ус их “уун” ургадаг авокадоны тариалалд хүнд тусна. Нэг кг авокадо хурааж авахад ойролцоогоор 600 литр ус шаардлагатай. Дэлхийн авокадоны үйлдвэрлэлийг дангаараа эзэлдэг Мексикт усны хомсдол үүсэхэд ойрхон байгаа бөгөөд бүр ундны усны үнэ жилээс жилд өссөөр байгаа юм. Тиймээс “Хасс” сортын авокадоны үнэ олон улсын зах зээлд хоёр дахин өсөөд буй.
Үүнээс гадна Мексикт цэцэглэсэн хар тамхины наймаа, мафийн бүлэглэл ч үүнд нөлөөлнө. Улс орныхоо хамгийн ашигтай салбар, бизнесийг хяналтдаа оруулахыг эрмэлзэж байгаа мафийнхан авокадо тариалагчдын үйл ажиллагаанд хутгалдах нь олонтаа.
Хумус
Ус их шаарддаг ногоо, жимс гэвэл ганц авокадогоор тогтохгүй. Хумусын гол түүхий эд болох хонин вандуй ч чийглэг, усархаг орчин шаардана. Нэг кг хонин вандуй гаргаж авахад тонн ус хэрэгтэй. Тиймээс вандуйн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд 40-50 хувиар унаж, үнэ нь хоёр дахин өссөн. Шош тариалдаг Энэтхэг, Ойрхи Дорнод, Умард Африк, Австралид ч ус хомсдон, тариаланчид халуун, ганд тэсвэртэй бусад сортын ургамал, ногоог сонгосоор байна.
Гадил
100 жилийн өмнө ногооны мухлагаас худалдан авч байсан гадил жимс одооныхоос өөр байсан гэвэл та итгэх үү? Алдарт “гро-мишель” сортын гадил илүү амттай, удаан хадгалдж болдог байсан гэх. 1950–1960-аад онд элбэг байсан гадилын энэ сорт “Fusarium oxysporum” хэмээх халдварт мөөгөнцрийн үүсгэсэн Панамын өвчний улмаас устан үгүй болжээ. Дараа нь “гро-мишель”-ийг амтаараа гүйцэхгүй ч, элдэв халдар, өвчинд тэсвэртэй “кавендиш” сортыг тариалж эхэлсэн юм. Гэлээ ч 1990-ээд оноос хойш “кавендиш”-ийг мөн устгах чадвартай шинэ төрлийн TR4 өвчин дэлгэрсээр буй.
Жүрж
“Бэрсүүт төрлийн жимсний ногоон өвчин” одоогоос 100 жилийн өмнө гарч байв. Тариаланчид талбай, модоо хамгаалах олон арга сүвэгчилсэн ч сүүлийн жилүүдэд АНУ-ын Флорида зэрэг жүржийн тариалангийн бүсэд энэ өвчин удаа дараа дэлгэрчээ. Элдэв шавж, навчны бөөсөөр зөөвөрлөгдөн мод, жимсийг өвчлүүлдэг нэгэн төрлийн бактераас энэ бүхэн үүдэлтэй. Бактерын эсрэг үр дүнтэй ариутгагч, бодис гарган авахгүй бол цитрусын төрлийн бүх л жимсний үйлдвэрлэл хумигдаж болзошгүй.
Туна
Далай тэнгис, гол нуурын загасыг үй олноор нь барьж буй нь зарим нэг төрлийн загас устан үгүй болох аюулд хүргэж буйг XIX зууны сүүлчээс анхааруулж эхэлсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргасан судалгаагаар 1970-аад оноос эхлэн 10 том загас тутмын ес нь хүмүүсийн хүнсний хэрэглээнд “явж” байгаа юм. Туна, яргай, хар амар загаснуудыг тансаг зэрэглэлийн хоол бэлтгэх зорилгоор үйл олноор нь агнаж, дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү тээвэрлэн өндөр үнээр худалдаалдаг. Загас агнуурын бизнесийн улмаас 50 жилийн хугацаанд туна загасны тоо толгой хоёр дахин хорогдсон бөгөөд байгаль хамгаалагчид үүнийг эсэргүүцсээр байна.
Түрс
Тансаг зэрэглэлийн хүнс гэгддэг түрсийг их хэмжээгээр худалдаалахыг хориглохыг шаардаж байна. Ердөө хагас зуун жилийн хугацаанд бүхэл бүтэн төрөл зүйлийг агнан идсэн алдаагаа давтахгүй байхыг ч байгаль хамгаалагчид уриална. Түрсийг нь авахын тулд яргай, могой загасыг үржлийн чухал үед нь буюу хээлтэй байхад нь хуу хаман олборлох нь энэ төрөл зүйл устан үгүй болох аюулд хүргэж байна. Хамгийн өргөн тархсан, элбэг байдаг эдгээр загаснуудыг хамгаалалтад авч, цөөрөмд үржүүлэн өсгөх шаардлага ч нэгэнт гарч иржээ.
Зөгийн бал
Зөгий бол зөвхөн амтат бал үйлдвэрлэгч биш. Манай гаригийн олон төрлийн зэрлэг ургамал, цэцэгт тоос хүртээгч. Сүүлийн жилүүдэд мөн л зөгийн аж ахуйд аюул заналхийлж байна. Яг таг шалтгааныг нь тодорхой болгоогүй ч олон зөгий янз бүрийн нөхцөл байдалд үрэгдэж үхэх нь олширчээ. Зөгийн бүл ийнхүү үрэгдэж буйн нэг шалтгаан нь варроатозын тахал буюу шимэгч хачиг юм. Ой хээр, тариалангийн талбайг элдэв бактер, хачиг, шимэгчээс хамгаалах зорилгоор неоникотиноид пестицид цацдаг нь зөгийнд нөлөөлдөг. Хэрэв энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол хүн балнаас хагацаад зогсохгүй ургамал тоосноос хагацах нь.
Х.Инга