Хаврын цагт шар тос хэрэглэх нь хийг дардаг хэмээн үздэг. Шар тосны ач холбогдлын талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн их эмч, анагаах ухааны магистр Б.Номин дараах зөвлөгөөг өгөв.
-Шар тос нь бүлээн шимтэй, тослог чанартай тосны зүйлийн идээ гэж явдаг. Тос болохоор хийг дардаг. Хаврын улиралд шар тосыг түлхүү хэрэглэх нь маш тохиромжтой. Өвлийн улиралд мах, хаврын цагт тос, зун цагт цагаан идээг түлхүү хэрэглэнэ гэсэн үг. Зуны цагт шар тосыг огт хэрэглэхгүй бай гэсэн үг биш тодорхой хэмжээнд хэрэглэж болно.
Өглөө өлөн элгэн дээрээ шар тос уух нь маш сайн. Яагаад гэвэл тосны зүйл цөсийг хөөлгөн эмчлэх боломжтой.
Уламжлалт анагаах ухаанаар хүний биед хуримтлагдсан хийг дарж өгнө гэсэн үг. Хаврын улиралд хий мах бодь хөдөлж байдаг. Иймд шар тос хийг маш сайн дарж өгдөг.
-Шар тосыг хүүхдэд уулгаж болох уу. Том хүн ямар хэмжээгээр хэрэглэвэл зүгээр вэ?
-Хүүхдэд уулгаад хэрэггүй. Үүний оронд хүүхдийн гар, хөлийн эрээн булчин цээж, нуруу зэргийг шар тос, сүүлний тосоор ээлжлэн тосолж байх хэрэгтэй. Ялангуяа унтахад нь түрхвэл хүүхдийн хийг даран тайвшруулан амраадаг. Том хүн цайны болон том хоолны халбагаас ихгүй хэрэглэх нь тохиромжтой. Дээр дурдсан шиг хаврын улиралд тохируулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Ханиадны үед шар тосыг түлхүү хэрэглэвэл тохиромжтой. Хийг дарж байгаа учраас хий ханиалга дарах нөлөөтэй. Намрын улиралд шар хөөрч байдаг учраас шар тосыг хэрэглээд хэрэггүй гэдгийг зөвлөж хэлмээр байна.