Монголд 513 зүйл шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай байдаг. Ер нь дэлхийд есөн нүүдлийн зам байдгаас гурав нь Монгол орныг дайрч өнгөрдөг. Харин Монгол, БНХАУ, БНСУ шувуудын нүүдлийн нэг зам дээр байрладаг ажээ.
Тиймээс нүүдлийн шувууд халдварт өвчний вирус тээж ирэх өндөр эрсдэлтэй тул олноор үхсэн, бэртсэн шувуу тааралдсан сэжигтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах /Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 7028 2853 дугаарын утсаар мэдээлэх/-ыг зөвлөж байна.
Судалгаагаар шувуунаас хүнд халддаг 20 гаруй төрлийн өвчин байдгийг тогтоосон. Гэхдээ үхсэн шувуу болгон өвчтэй биш гэдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй.
Гагцхүү анхаарал сэрэмжтэй байж энд тэнд олноор үхсэн шувуудыг оролдохгүй, түргэн мэдээлэх, мэдээллийн дагуу мэргэжилтнүүд лабораторид шинжилж, ард иргэдэд бодит үнэн зөв мэдээллийг эргээд хүргэх тогтолцоог дэлхий даяар шаарддаг.
Зүүн Азийн шувуунууд Дорнодын Буйр нуур, Хэнтийн Улз, Онон голын сав нутгаар олноор ирдэг бөгөөд зусч, өндөглөдөг шувууд нь үлдээд бусад нь Сибирийн ой тайга руу явдаг.
Төвийн бүсээр бол Энэтхэг, Пакистан, Өмнөд Азийн сонин, содон шувууд ихээр дамжин өнгөрдөг. Харин Европын чиглэлийн шувуудын хамгийн зүүн захын тархалт нь Ховд аймаг, Монгол орны баруун хязгаар ажээ.