Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр коронавирусийг "гадаадын вирус" хэмээн тодотгоод АНУ-ын засаг захиргаа вирусийн тархалттай тэмцэх арга хэмжээг авсаар байна гэжээ.
Тэрбээр АНУ болон Европын улс орнуудын хооронд хийгдэж буй нислэгүүдийг 30 хоногийн турш зогсоохоор болсноо мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Засгийн газар шинэ коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй хамгийн өргөн хүрээний арга хэмжээ болж байна. Энэхүү хориг нь Их Британид үйлчлэхгүй бөгөөд баасан гарагт шилжих шөнө дундаас хүчин төгөлдөр болох юм байна.
Мөн тэрбээр ажилчдад цалинтай чөлөө олгож, халдварын эрсдэлтэй үед амьжиргаагаа залгуулах боломж олгохыг Конгрессоос хүсчээ.
Одоогоор, АНУ-д коронавирусийн халдварын 1311 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ өнгөрсөн шөнө шинэ коронавирусийн дэгдэлтийг албан ёсоор “цар тахал” ангилалд оруулснаа зарласан байна.