Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас 2018 онд гарсан таван хүнд холбогдох хүн амины хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Хэргийг эргэн сануулбал, иргэн С нарын таван хүн Ховд аймгийн Булган суманд хууль бусаар ашигт малтмал эрж хайх, олборлох зорилгоор 2018 оны гуравдугаар сард очиж, бүлэглэн бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгийг нь устгаж гэмтээн, онц харгис хэрцгийгээр нэг хүний аминд хүрч, гурван хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан байдаг.
Уг хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс шалган, мөн сум дундын прокурорын газраас хяналт тавьж ажиллажээ. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүх хэргийг энэ сарын 5-нд хянан хэлэлцээд, шүүгдэгч С-ийг бусдыг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 19 жилийн хорих ял ногдуулан, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр боллоо. Мөн шүүгдэгч С, Б, М, П нарыг нийтийн хэв журам зөрчиж, бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад халдсан, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэм буруутайд тооцож 2-3 жилийн хорих ял тус тус ногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Э.Цэцэн