АНУ-д Ковид-19 коронавирусийн халдварын тохиолдол 1,000 давж эрх баригчид олон нийтийн цугларалт арга хэмжээнүүдийг хориглон, оюутан сурагчдыг цахимаар хичээлээ үзэхийг уриалж байна. Халдвар илэрснээс хойш Америкийн Вашингтон мужид 24, Флоридад хоёр, Калифорниад гурав, Нью Жерси, Өмнөд Дакота зэрэг мужуудад тус бүр нэг гэхчлэн нийт 31 хүн нас барьжээ.
Холбооны эрх баригчдын зүгээс ард иргэд зарим нэг томоохон өөрчлөлт гарч болзошгүй тул бэлтгэлээ базаахад гэмгүй хэмээн мэдэгдэх болсон байна. Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа Шинэ Рошель хот руу цэргийн албан хаагчдыг дайчлан илгээхээр болжээ.
АНУ-ын 50 мужийн 38-д нь коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн ч Нью-Йорк мужид хамгийн их буюу 173 идэвхтэй тохиолдол бүртгэгдээд байна. Нью-Йорк хотод 30 гаруй тохиолдол харин Шинэ Рошель хотод халдварын тохиолдол зуу гарчээ.
Дэлхийн хэмжээнд коронавирусийн тохиолдол 119,000-д хүрч, 4,300 орчим иргэн нас бараад байна. Итали улсад халдварын тохиолдол 10 мянга гарчээ.
Эх сурвалж: ВВС, CNN