Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ.
Өнөөдөр даатгуулагч та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол хоёрдугаар сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэнэ.
Тухайлбал таны өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсон.
Ингэснээр даатгуулагчид маань зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол бас нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг буюу 02-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ.