СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусээр өвчилсөн Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийн таван улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдлээ. Япон, Испани, Ливан, АНУ, Итали зэрэг орнуудад өвчлөл голомтлон тархаж байна. Итали Улсад хамгийн олон өвчлөл бүртгэгдсэн учраас бүх соёл, спортын арга хэмжээгээ цуцлах шийдвэрийг гаргаад байна. ДЭМБ-ын захирал хэлсэн үгэндээ “Нэг нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй байж энэ өвчний ард гарна шүү” гэдгийг онцолж хэлсэн.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа

ДЭМБ-ын мэдээгээр ковид-19 өвчнөөр нас барсан хүний тоо 203-аар нэмэгдлээ. Уг өвчин шинээр таван улсад бүртгэгдлээ. БНХАУ-д 17 хүн нас барсан бол БНСУ-д 139 халдвар шинээр бүртгэгдэж, тархалт буурах шинжиндээ орсон байна. Тус улс одоогоор 180 мянган хүнд хавьтлын шинжилгээ хийсэн байгаа юм байна. Итали Улсад 1700 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Дэлхийд гарсан нийт халдвар тахлын 93 хувь нь БНХАУ, Итали, Иран, БНСУ-д бүртгэгдсэн байна.

Энэ өвчин голомтлон өргөн цар хүрээг тархаж байгаа нь тогтоогдсон. Манай улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Халдвартай холбоотойгоор хувь хүн, байгууллагын талаар үндэслэлгүй мэдээлэл тараахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

ЭМЯ-ны 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагийн дотор 900 гаруй дуудлага мэдээлэл ирсний 300 гаруй нь хуурамч дуудлага байсан. Иргэд та бүхэн хуурамч мэдээлэл дуудлага өгч бидний ажилд саад учруулахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд УОК-ын хуралдаан хоёр удаа болж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Өвчнийг тархаахгүйн тулд хязгаарлалтын арга хэмжээг авч, гадаадын улс оронд байгаа иргэдээ татан авахын тулд тусгай үүргийн онгоцыг нисгэхээр болсон.

Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 107 иргэний 70-ыг тусгаарласан. Дархан-Уул аймагт 63 хүнийг, Сэлэнгэ аймагт 81 хүнийг ажиглалтад, 16 хүнийг тусгаарлалтад аваад байна. Дээрх хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Нэгдүгээр сараас хойш нийт 1100 хүнийг тусгаарлалтад авсан.

Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтлын 171 хүн байгааг тогтоосон. Тэдгээр хүмүүсийн 98 нь Улаанбаатарт байгаа. Кэмп дээр нь ойрын хавьталд орсон 64 хүнийг тусгаарлаж, шинжилгээг аваад байгаа. ДЭМБ-аас зөвлөгөө авсны дунд тухайн иргэнийг шилжүүлж авсан. Өвчилсөн иргэний биеийн байдал дундаж, уушгиндаа нэвчистэй байгаа тул антибиотик эмчилгээг хийж байна. Ухань хотын голомтод бүсэд ажиллаж байгаа эмч нартай цахимаар холбогдож туршлага судалж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эмч нараас өгсөн зөвлөмж мэдээллийг авч, эм тангийн нөөцийг ч гэсэн бүрдүүлж байгаа. Өрхийн болон сумын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тангараг өргөсөн төрийн албан хаагчид байдаг. Тэднийг хэл амаар доромжлох, заналхийлсэн аливаа үйлдэл гаргахгүй байхыг иргэддээ уриалж байна. Эмч, эмнэлгийн албан хаагчид иргэн таны төлөө ажиллаж байгаа учраас бидний ажлыг хүндэтгэж байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

Мамба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж:

Бид төр засаг, ЭМЯ-тайгаа хамтарч ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны эм тан, түүхий эдийг энэхүү өвчний эсрэг хэрхэн ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ өвчин хаанаас ч, хэнээс ч орж ирэх магадлалтай учраас өвчилсөн хүнийг ч тэр, эмчилж буй хүнийг ч тэр хүндэтгээрэй. Өөрсдийнхөө бие, хэл, сэтгэлийг ариун сайхан байлгаж хамтарч ажиллахыг хүсэж байна. Уламжлалт анагаах ухааны эмч нар өмнө нь H1N1 өвчнийг таслан зогсооход маш эрчимтэй ажилласан. Энэ өвчний үед ч гэсэн ажиллана. Өрнийн анагаах ухаан болон уламжлалт анагаах ухааныг зэрэг ашиглаж бид өндөр үр дүнд хүрэх боломжтой.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

Гуравдугаар сарын 09-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүнээс коронавирус илрээгүй. Яг одоо батлагдсан тохиолдолдтой шууд харьцсан 98 хүнийг тусгаарлаж, холбогдох шинжилгээг хийгээд байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цаашид бусад хүмүүсийн шинжилгээний хариу ч шат дараалан гараад эхэлнэ. Өвчилсөн Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Монгол эмч нарын ур чадварыг харуулж, энэ хүнийг эмчилнэ.

-ДЭМБ-ын ажилтнууд амны хаалт хэрэглэхгүй ажилласан гэдэг шүүмжлэл байгаа?

ДЭМБ-ын ажилтнууд Монгол Улсад ажилласан. Тэдгээр хүмүүс өдөр бүр өөрсдийгөө хянаж, эрүүл мэндээ хянаж байсан. Дээрх хүмүүсийн тусламжийн авч байж муулах нь зохисгүй. Дээрх хүмүүсээс шинжилгээ авахад хариу сөрөг гарсан бөгөөд бүгд буцсан байгаа. Өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд манай улсад ирж зөвлөгөө мэдээлэл өгөөд өнөө өглөө буцсан. Тэр хүмүүст талархах хэрэгтэй.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.