Кени улсын Гариссагийн нутагт дэлхийд бараг байдаггүй цагаан өнгийн анаашийг хулгайн анчид агнасныг илрүүлжээ. Нутгийн ой, зэрлэг ан амьтан хамгаалагч цагдаа нар эмэгчин анааш тугалтайгаа хамт агнуулсан байсныг олсон байна. Азаар гурав дахь цагаан анааш амьд үлдсэн бөгөөд дэлхийд цор ганц байгаа цагаан өнгийн анааш ч байж магадгүй ажээ.
Цагаан өнгийн анааш тэр бүр тохиолдоод байдаггүй бөгөөд бусад анаашнаас өөр цагаан өнгө нь тэдний арьсны эсэнд толбо үүсээгүйтэй холбоотой байна. 2016 онд ийм цагаан анааш анх удаа Кени улсад илэрч, энэ тухай мэдээ дэлхийд тархжээ.
Кени улсын Засгийн газрын эрх баригчид дэлхийд нэн ховор цагаан анаашийг анчдад алдсандаа тун их харамсаж байна гэжээ. Одоогоор хулгайн анчдыг олж тогтоогоогүй байна.
Анаашны арьс, махыг авахын тулд ихээр агнадаг ба өнгөрсөн 30 жилийн хугацаанд анаашны тоо толгой 40 хувиар багасчээ. 1985онд 155,000 анааш тоологдож байсан бол 2015 онд 97,000 тоологдсон байна.
Эх сурвалж: BBC