Нийтийн тээврийн хэрэгслүүд энэ сарын 16-н хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарахаар болсон.
Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс /2020.03.10/ эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж хязгаарлалт тавиад байна.
Нийслэлийн онцгой комиссоос ирэх өдрүүдэд 95 чиглэлд автобус явуулахдаа 350 автобус, троллебус үйлчилгээнд гарахаар болжээ.
Нийтийн тээврийн хэрэгсэл энгийн өдрүүдэд нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгаж 30-35 минутын зайтай үйлчилгээнд гаргах болжээ.
Иргэдийн хувьд автобусны буудалд нийтийн тээвэр удаан хүлээхгүй байх боломжтой. Улаанбаатар смарт карт компанийн "UB SMART BUS" аппликейшн хэвийн ажиллаж байгаа тул тухайн чиглэлийн автобус хаана явж буйг харж, гарах цагаа тооцоолж болох ажээ.