Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан, мөн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос өмчийн хэлбэрийг үл харгалзан албан байгууллагын зарим ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, тамгын газрынхаа 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш настай ажилтнуудад энэ сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олгожээ. Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим систем ажиллуулж эхэлсэн байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилтнууддаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байгаа аж.