Монгол Улсад коронавирусийн халдварыг тээж ирсэн анхны хүн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийн ажилтан болж таарав.
Өнөө өглөө монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн сүлжээгээр коронавирусийн халдварыг тээж авчирсан хүний зургийг олох эрэлд гарч, тун удахгүй халзан толгойтой, нүдний шилтэй, хижээл насны эрийг зургийг гаргаж ирсэн нь жинхэнэ өвчтөн биш болох нь тогтоогдсон билээ.
Харин тэрхүү хэлмэгдэгчийн нэрийг Закари Эл Марзоуки гэдэг бөгөөд тэрбээр “Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны аравдугаар сарын 15-наас хойш ажиллаж байгаа хүн болж таарсан юм.
“Бадрах Энержи” ХХК-ийн ажилтан Монголд коронавирусийн халдварыг тээж авчирсан талаар шуугиад эхэлмэгц Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин гэгч хүн ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнтэй уулзаж, манай улсын гэмгүй иргэний зургийг олон нийтэд дэлгэж хэлмэгдүүллээ. Тиймээс тэр хүний аюулгүй байдлыг хамгаалж өг хэмээн шаардсан билээ.
Мөн энэхүү уулзалтын дараа “Бадрах Энержи” ХХК фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсаа устгаж, өөрсдийнхөө талаарх бүхий л мэдээллээ интернетээс устгаж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Монгол Улсыг донсолгоод байгаа “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутагт MV-018915, MV-018916, MV-018914 дугаартай Зөөвч-Овоог, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Олборлох үйлдвэрлэлийн эздийн талаар мэдээлэл оруулдаг iltodezed сайтад бичсэнээс үзвэл тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд:
· УУХҮЯ, Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр,
· Цөмийн энергийн комиссийн ажлын алба, Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал,
· Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал О.Одбаяр,
· Мitsubishi корпорацийн ашигт малтмалын хөрөнгө оруулалтын газрын МДП хэлтсийн Уран болон эрчим хүчний нүүрсний бизнес хариуцсан ерөнхий менежер Такаши Ичикава,
· “Орано Майнинг” компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Хуулийн асуудал хариуцсан захирал Пиерре Жероме Абрик,
· “Орано Майнинг” компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Эрүүл мэнд , Байгаль орчин, Аюулгүй байдал хариуцсан захирал Эмили Лакриокс,
· “Орано Майнинг” компанийн Уул уурхайн бизнес нэгжийн Олборлолтод шилжээгүй орнууд хариуцсан захирал Дэвид Жонсэлмэ нар байдаг хэмээн бичсэн байв.