БНХАУ-ын дарга Си Зиньпин Ковид-19 коронавирусийн халдварын голомт болоод байсан Хубей мужийн Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр халдвар илэрснээс хойш анх удаа өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцлаа. Хятадад халдварын тохиолдол буурсаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19 шинэ тохиолдол илэрсэн байна. Хятад даяар коронавирусийн халдвартай 80,754 иргэн бүртгэгдсэний 60,000 орчим нь бүрэн эдгэж эмнэлгээс гарчээ.
Си Зиньпин дарга Ухань хотод өөрийн биеэр ирсэн нь түүний Засгийн газар хүнд хэцүү даваагаа давсны илэрхийлэл болж байна хэмээн барууны хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Тэрээр өнөөдөр Уханьд газардахдаа аюулт халдварын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж ирсэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, цэрэг армийнхан, холбоо нийгэмлэгийн ажилтнууд, орон нутгийн албан тушаалтнууд, намын гишүүд төдийгүй өвчтөнүүд, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж буй хотын оршин суугчдад баяр хүргэж, талархал илэрхийлжээ.
Синьхуа агентлагийн дамжуулснаар Си дарга Уханьд газардсан даруй халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Хоушеншан эмнэлэгт ирсэн байна.
Олон улсын ажиглагч шинжээчдийн дүгнэж байгаагаар Си Зиньпин үүнээс ч өмнө Уханьд ирж итгэл найдвар төрүүлэх ёстой байсан ч халдвар авах өндөр эрсдэлтэй байсан тул тархалт намжих үеийг хүлээжээ. Ухань хотод халдварын тархалт оргил үед хүрэхэд эмнэлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний газар хомсодсон тул түр байруудыг нээгээд байсан юм. Тэгвэл эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан түр байруудыг хаасан байна. Халдварлагсдад тусламж үзүүлэх зорилгоор ашиглаж байсан 16 сургууль, цэнгэлдэх хүрээлэнгийн 11-ийг нь чөлөөлжээ.
Эх сурвалж: The Guardian