Яг одоо 114,512 хүн халдварлаж, 4,027 хүн нас барсан Ковид-19 коронавирусийн халдвар манай урд хөрш БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотоос өнгөрөгч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анхлан тархсан билээ. Өнгөрсөн хугацаанд хойд хөршид халдварын тохиолдол илэрснээр хоёрхон хөрштэй манай улсын хувьд халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд багтсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж байсан юм.
Монгол улсад ирсэн Франц улсын иргэн Ковид-19 коронавирусийн халдвар авсан болох нь өнөөдөр өглөө албан ёсоор тогтоогдсоноор манай орон ДЭМБ-ын вирусийн халдвар тархсан улс орнуудын жагсаалтад 111 дүгээрт бичигдлээ. Манай улстай зэрэгцэн Өмнөд Америк тивийн Панам улсад халдварын анхны тохиолдол илэрч 110 дахь улс болсон байна.
Одоогийн байдлаар Ковид-19 коронавирусийн халдварын нарийвчилсан судалгаанд Монгол улс халдварын анхны тохиолдол илэрсэн хэмээн бичигдсэн ба Франц улсын иргэнээс гадна халдварын тохиолдол нэмэгдээгүй байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр халдвар дэлхийн 115 орон, тусгай бүс нутагт илэрсэн байна. Халдварын голомт болсон БНХАУ-д тархалт буурсан ба анхны тохиолдол илэрснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн бага буюу 19 шинэ тохиолдол бүртгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Иран зэрэг Азийн орнуудад шинэ тохиолдлууд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа бол Европын орнууд, АНУ-д эсрэгээрээ тархалт хурдацтай нэмэгдэж байна. Итали улсад коронавирусийн 9,172 тохиолдол бүртгэгдэж, 463 хүн нас барснаар БНХАУ-аас гадна халдварын хоёр дахь том голомтоор нэрлэгджээ.