Улсын онцгой комисс өглөөний 06:00 цагт 10 дахь хуралдаанаа хийсэн бол өдөр 14:00 цагаас дахин хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргаснаа танилцууллаа.
-Франц улсын иргэн 3 сарын 2-нд "Аэрофлот"-ын онгоцоор Улаанбаатарт ирсэн. 2-6-нд Улаанбаатарт ажилласан. 6-нд Сайншандын галт тэргээр явж, Дорноговийн Улаанбадрах суманд очсон. 7-нд халуурч байна гэсэн дуудлагыг сумын эмнэлгийн байгууллагад гаргасны дагуу очиж хэмжихэд 37,4 хэм байсан. 8-нд 38 хэм хүрсэн учир шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Харин урьд шөнө 02 цагт шинжилгээний хариу "эерэг" гарсан.
Энэ хүн хотод 40, хөдөө орон нутагт 80 хүнтэй шууд тулж уулзсаныг тогтоогоод байна. Давтан шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна.
Коронавирусийн халдвар гэр бүлд тархахаас сэргийлж 0-5 хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд 03-р сарын 30-ыг хүртэл цалинтай чөлөө олгох, эсвэл гэрээсээ ажлаа хийх боломжоор хангах шийдвэр гаргасан. Уг санаачилгыг Ерөнхий сайд гаргасан.
-Улаанбаатар хот, орон нутаг хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 03-р сарын 16-ныг хүртэл зогсоосонтой холбогдуулан 22-ын товчоогоор 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч орон нутгийн чиглэлд явж байсныг, орон нутгийн Улаанбаатарын чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 521 зорчигч замд байсныг хөдөлгөөнийг нь хэвийн үргэлжлүүлэх чиглэл өгсөн.
Түүнчлэн Монгол улс-ОХУ-ын боомтоор харилцан зорчих иргэдийн хөдөлгөөнийг 03-р сарын 29-нийг хүртэл түр зогсоолоо. Энэ хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд, Монголоос ОХУ-аар дамжиж зорчих хүсэлт гаргасан гадаадын иргэдийг зохион байгуулалттайгаар, тусгай журмаар нэвтрүүлнэ.
Харин төмөр замын ажилчдыг улсын хилээр зохих журмын дагуу хилээр нэвтрүүлнэ.
Улмаар УБ-Эрхүү, УБ-Москва чиглэлийн болон орон нутгийн бүх галт тэрэгний хөдөлгөөнийг 03-р сарын 28-ныг хүртэл зогсоолоо. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр буюу 03-р сарын 10-нд Улаанбаатар-Эрхүү чиглэлд зорчих гэж байсан 306-р галт тэргийг зогсоолоо.
Турк, Казакстан чиглэлийн хоёр талын нислэлийг 03-р сарын 28-ныг хүртэл түр зогсоолоо.
Харин түүнээс хойш Турк болон Москвагаар дамжиж ирж буй иргэдээ зөвхөн МИАТ-ийн онгоцоор зөөвөрлөж авчрахаар боллоо. Одоогийн байдлаар БНСУ-аас 250, Японоос 100 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. Эхний ээлжинд өвчтэй, бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгшин настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ авчирна.
-Хүнсний бүтээгдэхүүний хангамжийн асуудал дээр туйлын шуурхай, үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Хүнсний сүлжээ дэлгүүр, хоршоод хаагдахгүй. Импортоор авах хүнсний тээвэрлэлт ч ямар ч хориг, саад байхгүй.
Хүсний бүтээгдэхүүний гэнэтийн их худалдан авалт хийх нь хангамжийн тогтвортой байдлыг алдагдуулах улмаар зохиомол хомсдол үүсгэх, үнэ хөөрөгдөх эрсдэлтэй. Тиймээс хэрэглэгчид ийм зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулъя. Хүнсний хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлсэн.
-Дэлхийн хөрөнгийн захууд дээр нефтийн үнэ унаж байна. 38-32 долларт хүрээд байна. Манай улсад ч үнэ хэзээ, яаж буух вэ гэдгийг холбогдох албаныхан өгнө.
Манай улсад импортоор орж ирж буй шатахуун хангамжийн асуудал хэвийн байна. Тиймээс зохиомол үнэ хөөрөгдөж, нийгмийг бухимдуулж байгаа иргэдэд хариуцлага тооцох ёстой.
-Нийт 21 пост дээр Цагдаагийн удирдах газар, ОБГ, ЭМГ, МХГ-ын улсын байцаагч нар ажиллаж байна. Зөвхөн зорчигч тээврийг хязгаарласнаас ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэдгийг онцолъё.
Нийтийн тээвэр, зах худалдааны төв, шатахуун түгээх станцуудыг хаагаагүй. Харин төрийн зарим үйлчилгээнд зохицуулалт хийсэн. Тухайлбал, нийтийн тээврээр зорчих бөөгнөрлийг бууруулах, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.
Зарим төрийн албан хаагчдыг олноор нь ажил дээр нь цуглуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах шийвэр гаргасан.
Цагдаагийн хурандаа:
-Цагдаагийн байгууллагаас халдвар тээгч иргэнтэй холбоотой, хавьтагч иргэдийг бүртгэлжүүлэх ажлаа хийж байна. ХӨСҮТ-д тусгаарлах шаардлагтай гэж үзсэн иргэдийг бүгдийг нь илрүүлээд хүлээлгэж өгөх ажиллагаа дуусах шатандаа явж байна.
-Халдвар тээгч иргэний хамгийн ойрын хавьтагч Идэрболд, Дэмжидмаа гэж хоёр хүн хөл хорио зөрчиж хот руу нэвтэрсэн гэх мэдээлэл байна хариуцлага тооцох уу?
-Идэрболд нь Улаанбаатар хотод орж ирэнгүүтээ тусгаарлагдсан. Дэжимдаа гэдэг иргэн өнөөдөр Дорноговь аймагт буудалд байж байгаад өөрөө сайн дураараа тусгаарлагдсан.
-Тухайн франц иргэн мөн өөрийг тусгаарлах зөвлөмжийг үл тоосон гэсэн. Хариуцлага ярих уу?
-Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн Монгол улсын хуулиар уг асуудлыг ярина. Гэхдээ бид иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэх ёстой. Гэхдээ дээрх хариуцлагын асуудлыг дээрх иргэдийн биеийн байдал сайжирч, вирусийн халдвар намжсаны дараа ярина.