Эрдэмтэн шинжээчдийн баталснаар Уханиас гаралтай Ковид-19 шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг дунджаар тав хоногийн хугацаанд өвчтөнүүдэд илэрч байгаа ажээ. Уг тахал мэт тархаж буй халдвараар хэдий нь 115 орны 114,000 гаруй иргэн халдварласны дунд харамсалтай нь Монгол улс өнөөдөр бүртгэгдлээ.
АНУ-ын эрдэмтдийн баг Хятад болон бусад улс орнуудад тархсан халдварын тохиолдлуудыг шинжилж харьцуулан судалсны дүнд халдварлагсдын ихэнхид шинж тэмдэг халдвар авснаас хойш тав хоногийн дараа илэрч эхэлжээ. Харин цөөн тохиолдолд 12 хоногийн турш халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
Тиймээс иргэд халдварласан байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдолд шинж тэмдэг илрээгүй байсан ч 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Судалгааг ахалж буй Жонс Хопкинс Блүмбергийн Олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн профессор Жастин Лесслер уг вирусийн талаар судлагдаагүй олон зүйл үлдсэн гэдгийг сэрэмжлүүлсэн байна.
Эх сурвалж: ВВС