Коронавирусийн халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
Коронавирусийн халдвар тархсан орны тоо 109-д хүрлээ. Халдвар Иран, Итали, АНУ-д эрчимтэй тархсан хэвээр байна. Дорноговь аймагт тусгаарлагдсан Францын иргэний шинжилгээний сорьц өчигдөр ХӨСҮТ-д ирж, урьд шөнийн 02.00 цагт шинжилгээний хариу эерэг гарлаа. Ингэснээр Монгол Улсад тус халдварын анхны тохиолдол илэрлээ.
Энэ хүний ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулах ажил эрчимтэй явагдаж байна. Гадаадын улс орон аялсан хүмүүсийг өөрийг тусгаарлах ажлыг хийхийн зэрэгцээ өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Харин эмнэлэгт ирэхийн оронд түргэн тусламж очих хүртэл гэртээ байхыг зөвлөж байна.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа
ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 109 оронд ковид-19 өвчний тохиолдол илэрлээ. Шинээр 98 хүн нас барж, Албани, Парагвай зэрэг дөрвөн улсад коронавирусийн шинэ тохиолдол илэрлээ. БНХАУ-д шинээр 29 тохиолдол бүртгэгдсэн. Италид нас барсан хүний 463 хүрсэн тус улс 60 иргэнээ хөл хорионд орууллаа. Цар тахлын эсрэг шийдвэртэй арга хэмжээг эрт үед нь авахыг ДЭМБ-аас анхааруулж байна. БНСУ-д халдварын тоо буурах хандлагатай, Дэгү хотын нөхцөл байдал тогтворжиж байна. Голомтлон тархаж байгаа улс орнууд эрт илрүүлэх, хавьтлыг судлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
Өнөөдөр өглөө 06.00 цагаас УОК хуралдаад холбогдох арга хэмжээг авсан. Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 59 зорчигч, сэжигтэй нэг, ажиглалтад 5 хүнийг тусгаарлаад байна. Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 176 хүн ирсэн. Галт тэргээр орж ирсэн 26 хүнийг тусгаарлаж, Дархан-Уул аймаг болон Оюут эмнэлэгт 62 хүнийг тусгаарлаад байна. 934 хүнийг ажиглалтад авсан яг одоо 564 хүн ажиглалтад авсан. Онош батлагдсан иргэний халуун буурсан, ажлын байранд нь эрчимт эмчилгээний төхөөрөмж байсан учраас вирусийн эсрэг эмчилгээг хийж эхэлсэн. Францын иргэний биед одоогоор зовуур байхгүй. Халуун буурсан. ДЭМБ-ын өгсөн заавар, боловсруулсан аргачлалын дагуу вирусийн эсрэг эмчилгээг хийж байна. ХӨСҮТ-ийн эмч нар газар дээр нь ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү
Коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол батлагдлаа. “Бадрах-Энержи” ХХК-ийн ажилтан франц иргэнтэй хавьтсан 103 иргэнийг тусгаарлах, шинжилгээ авах ажлыг эрчимтэй хийж байна. Ажиглалтад 18 хүнийг аваад байна. Хэдийгээр таагүй мэдээ дуулгаж байгаа ч гэсэн иргэд та бүхэн сандрах хэрэггүй. Энэ өвчний эсрэг дэлхийн 103 улс тэмцэж байгаа. Иргэд та бүхэн сандрахгүй байх хэрэгтэй. Манай улс энэ өвчний эсрэг тэмцэх төлөвлөгөөгөө нарийн гаргасан учраас ажлаа шуурхай, найдвартай хийж байгаа.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Янжмаа:
Ковид-19 өвчний эсрэг вакциныг гарган ажиллахаар улс орнууд маш их хүчин чармайлт гарган ажиллаж байна. БНХАУ тус өвчний генийн дараалал гаргасныгаа дэлхий дахинд зарласан. Уг дараалал дээр суурилан улс орнууд өвчний эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна. Шинэ вакциныг гарган авах ажлын санхүүжилтад 66 сая ам.долларыг зарцуулаад байгаа гэдэг мэдээлэл байна. Хамгийн хурдандаа дөрөвдүгээр сарын эхээр вакциныг амьтан дээр туршина гэсэн тооцоо байна. Вакциныг хүн дээр хэрэглэх зөвшөөрөл гарах хүртэл жил хагасын хугацаа шаардлагатай байгаа. Хамгийн боломжит вакцины хувилбаруудыг боловсруулж туршилтаа эхлүүлэхэд хүрсэн хэд хэдэн лаборатори байгаа.
ХӨСҮТ-ийн Тархвар судлалын эмч А.Амбасэлмаа:
Францын иргэн гуравдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатарт буусан. Гуравдугаар сарын 02-06-ны хооронд Баянгол буудалд байрлаж байгаад 06-ны орой Дорноговь аймаг руу суудлын вагоноор очсон. Очсоных нь дараа бие нь зарайх, халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад хандсан байсан. Тус кэмпэд байрлаж байсан 60 хүнийг тусгаарлаад байгаа. Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирлээ. 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд аваад байна. Тэднээс ойр ойрхон шинжилгээ авах ажил явагдаж байна.