Коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг шуурхай мэдээлэл өглөө.
Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг:
Юуны өмнө олон нийтийг тайван байж, элдэв сандралд орохгүй байхыг зөвлөе. Хууль хяналтын байгууллагууд салбар чиглэл бүрээр шуурхай ажиллаж байна. Тухайн хүнтэй хамт гуравдугаар сарын 02-ны өдөр хамт онгоцоор ирсэн нэгдүгээр хавьтлын 100 орчим хүмүүсийг хаяг, утсаар нь олж тогтоох ажлыг цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хийж, хяналтад авсан байгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авах ажил эхэлсэн. Коронавирус илэрсэн хүн нь Франц Улсын иргэн 57 настай иргэн байгаа. Тэрбээр Францад гэртээ харьж арав гаруй хоноод ирсэн гэсэн. Өөрийнх нь өгсөн асуумж тайлбараар супермаркет л орсон гэсэн. Тэрбээр ковид-19 өвчний нэг тохиолдол илэрсэн бүс нутгаас ирсэн байна. Коронавирус голомтлон тарсан нэр бүхий таван улсаас гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, Монгол Улсынхаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа оруулах ажлыг хийж байсан. Улсын онцгой комиссын хоёр өдрийн өмнөх хуралдаанаар Европын холбооноос орж ирж буй иргэдийг хязгаарлах талаар ярьж байсан.
Франц Улсын тухайн иргэн улсын хилээр орж ирэх үед өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Түүнд хууль хүчний байгууллагаас та өвчний голомт бүхий газраас ирсэн учраас 14 хоног өөрийгөө тусгаарлаж, хүнтэй уулзахгүй байхыг хичээгээрэй гэж зөвлөсөн юм билээ. Ингээд түүнээс урьд шөнө авсан шинжилгээний хариу эерэг гарч ковид-19 болох нь эхний шинжилгээгээр тогтоогдлоо. Дахин шинжилгээ авч баталгаажуулна. Тэрбээр нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна. Хоёр өдөр зочид буудалд өөрийгөө тусгаарлаад ажлынхантайгаа хамт ресторанаар үйлчлүүлсэн байсан.
Орон нутгийн замыг өнөөдрөөс эхлээд гуравдугаар сарын 17-ны өдрийн 00 цаг хүртэл зогсоож байна. Тухайн иргэнтэй хамт 120 хүн ирсэн байсан. Нэгдүгээр зэргийн хавьтлын 40 хүнийг тусгаарлах хянах ажил эрчимтэй явагдаж байна. Яг одоо өвчнийг тархаахгүй байх ажлыг хийнэ.
Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын тоог гаргах, цаашлаад дам хавьтлын 500 хүнийг тогтоох ажил үргэлжилж байна. Тусгаарлах байранд одоогоор 500 гаруй хүнийг тусгаарласан байсан бол энэ тоо цаашид нэмэгдэхээр байна.
Улсын онцгой комиссоос авч байгаа арга хэмжээгээ улам чангатгана. Иргэд маань аль болох тайван байж олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гэрээсээ ажлаа явуулахыг зөвлөж байна.