СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-10

Монгол улс жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр 21 байр ухарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцон гаргадаг “Жендэрийн тэгш байдлын тайлан”-д дурдсанаар Монгол Улс 2019 оны эцсийн байдлаар жендэрийн ялгаатай байдал(gender gap index)-ын индексээр дэлхийн 153 орноос 79-рт эрэмбэлэгдэж (GGI=0.706), дэлхийн дундаж (0.69)-аас дээгүүр үзүүлэлттэй гарчээ. Гэвч өмнөх оноос 21 байраар хойшилсон байна.

Энэ үзүүлэлт нь

-эдийн засгийн оролцоо,

-боловсрол,

-эрүүл мэнд,

-улс төрийн эрх мэдэл, оролцоо гэсэн 4 гол хэмжүүрээр хэмжигддэг.

Эдийн засгийн оролцоогоор 29 дүгээрт,боловсролын түвшнээр 71 дүгээрт, эрүүл мэндийн байдлаар 1 дүгээрт, харин улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 120 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Тус индексээр эхний тавд Скандинавын Исланд, Норвеги, Финланд, Швед (I-IV байр), Латин Америкийн Никарагуа(V байр) байгаа бол сүүлийн тавд Конго, Сири, Пакистан, Ирак, Иемен (148-153-рт) улсууд орсон байна.

Эндээс харахад хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн ч нөгөө талаасаа улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага хэвээр байна.

Монгол Улсын хэмжээнд 2018 онд 1.2 сая хүн (53.4% нь эрэгтэй, 46.6% нь эмэгтэй) хөдөлмөр эрхэлж байгаагаас 193.6 (39.6% нь эрэгтэй, 60.4% нь эмэгтэй) хүн буюу 15.4 хувь нь төрийн албан хаагч байна.

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” МУ-ын хуулиас....

10.1.1: “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15%-иас, дүүрэгт 20%-иас, суманд 25%-иас, хороонд 30%-иас доошгүй байх” 10.1.2: “төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын ТНБД, Засгийн газрын агентлагийн даргын 15%-иас, бусад төв байгууллагын удирдлагын 20%-иас, яамдын газар, хэлтсийн даргын 30%- иас, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40%-иас доошгүй байх” 10.1.4: “төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 гэсэн харьцааг хангах” гэж заажээ. 

Эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдсэн ч УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй

1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй Улсын Бага Хурал 2 эмэгтэй гишүүнтэй байв.

1992 онд Шинэ Үндсэн хууль баталж, парламентын тогтолцоонд шилжсэн үед Улсын Их Хурлын сонгуульд 293 хүн нэр дэвшиж, 76 гишүүн сонгогдсоноос 4 нь буюу 5.3 хувь нь эмэгтэй гишүүн сонгогдсон.

1996 онд 302 хүн нэр дэвшсэнээс 8/2.6%/ нь эмэгтэй нэр дэвшигч - сонгогдсон-7

2000 онд 602 нэр дэвшигчээс 9/1.5%/ нь эмэгтэй - сонгогдсон-9

2004 онд 244 нэр дэвшигчээс 33/13.5%/ нь эмэгтэй - сонгогдсон-5

2008 онд хамгийн өндөр хувьтай буюу 356 нэр дэвшигчээс 66/18.5%/ нь эмэгтэй - сонгогдсон-3

2012 онд 544 нэр дэвшигчээс 174/32%/ нь эмэгтэй - сонгогдсон-1

2016 онд 498 нэр дэвшигчээс 129/25.9%/нь эмэгтэй нэр дэвшигч - сонгогдсон-13 байв.

Эндээс харвал 2004 оноос өмнөх сонгуулиудад нэр дэвшигч 100 хүн тутмын 2-3 нь эмэгтэй байсан бол түүнээс хойш 14-32 болж нэмэгджээ.

Тухайлбал,

УИХ-ын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь (4 эмэгтэй) байсан бол 2016 онд 17.1 хувь (13 эмэгтэй) болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 удаагийн сонгуульд 16 хүн нэр дэвшсэнээс 1 нь эмэгтэй (2013 оны сонгууль) байсан байна.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайдын түвшинд 12.5%, дэд сайдын түвшинд 38.0%, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд байхгүй байна.

Түүнчлэн аймгийн түвшинд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг авч үзвэл 2018 онд Баянхонгор аймагт 24.4 хувь байгаа нь хамгийн их бол Өмнөговь аймагт 3 хувь байгаа нь хамгийн бага байна.

Хэдийгээр 2004 оноос УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөж, нийт нэр дэвшигчдийн 32 хувьд хүрч, сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо мөн адил нэмэгдсэн хэдий ч улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30.0 хувь болгох МХЗ-ын зорилтоо хангаж чадаагүй байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.