Энэтхэг улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Yes банкны захирлыг мөнгө угаасан, залилан хийсэн зэрэг санхүүгийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн явдалд буруутган баривчлан саатуулжээ. Тус банкны эзэн Рана Капурын хэргийг Мумбай хотын шүүхээр шийдвэрлэх ба энэ сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хорих юм байна.
Энэтхэгийн холбооны санхүүгийн агентлагаас ноён Капур 581 сая ам.долларыг хууль бусаар завшсан гэж үзжээ. Сэжигтэн өөрт нь тулгаж буй бүх хэргийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Сүүлийн үед хувийн эзэмшлийн Yes банк олон тооны чанаргүй зээл, амжилтгүй үйл ажиллагаатай тулгарч байгаа юм. Энэтхэгийн нөөцийн банкнаас Yes банкны үйл ажиллагаа доголдож, нөхцөл байдал хүндхэн байгаа гэдгийг мэдэгджээ. Банкны цаашдын үйл ажиллагаанд эргэлзсэн хадгаламж эзэмшигчид Yes банкны салбаруудын гадаа урт дараалал үүсгэн зогсож, хадгалуулсан мөнгөө буцааж авахаар хүлээж байна.
Улсынхаа тав дахь том хувийн банкаар нэрлэгдэж байсан Yes банк хүнд байдалд орсон тул Энэтхэгийн төрийн банкнаас яаралтай үед аврах тусламжийн сан хүссэн гэжээ.
Эх сурвалж: ВВС