2013 онд Монголын жүдо бөхийн түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга төрж, спорт сонирхогч монгол түмний сэтгэлийг баясган, магнайг тэнийлгэсэн. Бразилийн Рио-де Жанейрогийн дэлхийн аваргын татамигаас М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар алт, мөнгөн медальтай эх орондоо ирж билээ. Түүнд самбо бөхийн мэх техникийг анхлан заасан хүн Ж.Баярсайхан. Харин жүдо бөхийн “А” үсгийг зааж бөмбөрцөгийн бөхчүүдийн эгнээнд оруулсан ачтан нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа багш.
Жүдо бөхийн дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг самбо, жүдо, кураш гэсэн бөхийн гурван өөр төрлийн дэлхийн аварга болсон нь гайхалтай. Тэр үед дэлхийн бөхийн мэргэжилтэн, спортын тоймч, хөтлөгч тайлбарлагчид жүдо бөхийн 2013 оны 48 кг-ын жингийн дэлхийн аваргаар яах аргагүй японы жүдоч Харуна Асами тодрох нь гарцаагүй хэмээн таамаглал дэвшүүлж байв.
Гэвч тэр таамаглалыг М.Уранцэцэг эвдэж, монгол охид, бүсгүйчүүдийн хүч бярын амтыг дэлхийн аварга Харуна Асамид мэдрүүлэн 2:18 минутын хугацаанд түүнийг өчих мэхээр цэвэр ялж, монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон. Ер нь японы бөхчүүдийг цэвэр ялах, базари, үнэлгээ, торгуулиар ялах бол ердийн л үзэгдэл. Харин өчих, боох мэх, даралтаар ялна гэдэг амаргүй. Тэр тусмаа дэлхийн аварга япон бүсгүйг өчих мэхээр цэвэр ялна гэдэг бахархалтай, гайхамшигтай зүйл. Урнаа урьд өмнө дэлхийн аварга Харуна Асамид нэлээд хэдэн удаа ялагдаж байсан. Харин тэр ялагдал бүхэндээ дүгнэлт хийж, түүнийг ялах боломжийг хайн олж, Асамид зориулан бэлтгэсэн гэнэтийн бэлэг нь өчих мэх байлаа.
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Нямхүү нар Ази тивийн аварга болохдоо японы жүдочдыг анх удаа өчих, боох мэхээр ялж байсан түүх бий. Энэ түүхэн ялалтыг М.Уранцэцэг өчих мэхээр үргэлжлүүлсэн. Тэрбээр 2013 онд олимп, дэлхийн аварга жүдочдыг буулган авч, аваргыг ялж, аварга болсон эгэл жирийн монгол охин. Урнаа Риогийн дэлхийн аваргын дэвжээнд эхний тойрогт гоц мөргөн хийлж, хоёрдугаар тойрогт Украины жүдоч Марина Кротыг цэвэр ялсан.
Харин гуравдугаар тойрогт Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр ялж буулган авсан. Улмаар дөрөвдүгээр тойрогт Кубын жүдоч Мария Селия Лабордег цэвэр ялснаар хэсгийн аварга болж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Шигшээ барилдаанд Лондон 2012 оны олимпын аварга Бразилийн бөх Сара Менезесийг үзэгч хөгжөөн дэмжигчдийнх нь нүүрэн дээр нутгийнх нь дэвжээнд сөхрүүлэн буулган авч дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхийг өвөртөлсөн. Мэдээж Бразилийн олимпын аваргыг нутгийнх нь дэвжээн дээр ялах тийм амар хялбар зүйл байгаагүй. Олимпын аварга Сара Менезестэй өмнө нь дөрвөн удаа тааран барилдаж нэг хожигдож гурав удаа ялж байсан болохоор ялна гэдэгтэй итгэлтэй байсан биз ээ. Харин дэлхийн аварга Харуна Асамиг ялахын тулд бэлтгэл сургуулилалт дээрээ өчих мэхийг олон удаа давтсан гэдэг. Ер нь Урнаа босоо барилдаанаас сөхөж үүрнэ, сууж үүрнэ, хэвтээ барилдаанд даралт авах, өчих, боох мэхийг даацтай сайн хийдэг.
Жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг 1990 оны гуравдугаар сарын 14-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлсэн. Урнаагийн аав Мөнхбат үндэсний бөхөөр барилддаг аймгийн начин цолтой хүн гэсэн. Аав нь охиндоо нөлөөлсөн байж ч магадгүй. Тэрбээр 2-3 ангид байхдаа л бөх болно гэдэг байж. Ангийнхаа банди нартай барилдаж, ноцолдон өсчээ. Ээж нь “Эмэгтэй хүүхэд бөх болох дэмий, муухай.
Хэрэв бөх болно гэж бодож байгаа бол заавал олимп, дэлхий аварга бөх болно шүү” хэмээн хэлдэг байсан гэдэг. Тэднийх Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин иржээ. Уранцэцэг нийслэлийн XXXVIII сургуульд орж л дээ. Энэ үед түүний бөх болох мөрөөдөл бокс болон өөрчлөгдөж солигдсон байв. Боксын спортоор хичээллэх санаатай Спортын төв ордноор хэдэн өдөр эргэлдсэн аж. Боксын заал засвартай гээд удаж, ингэж яваад жүдогийн бэлтгэлийг сонирхож харсан нь түүний анхаарлыг татжээ. Урнаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн цагаас дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт Х.Эрдэнэт-Од нарын хурц, дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг болжээ. Гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа багшийнхаа хичээл, зүтгэлийн хүчинд богино хугацаанд амжилт гаргасан байдаг. Энэ цагаас эхэлэн Урнаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-нд амжилт гаргаж эхэлжээ. Тэрбээр хамгийн анхны медалиа Ж.Баярсайхан багшийн нэрэмжит самбо бөхийн тэмцээнээс авсан. Харин 2007 онд Кураш бөхийн дэлхийн аварга болсон нь тив, дэлхийн дараа дараагийн тэмцээнд өндөр амжилт гаргах эхлэл болжээ.
Урнаа эдгээр амжилт бүтээлийн үр дүнг багш, дасгалжуулагч нараас гадна өөрийн жингийн анд ОУХМ Б.Бат-Эрдэнэтэй салшгүй холбоотой гэж үздэг юм билээ. Тэрбээр “Б.Бат-Эрдэнэ бид хоёр хэн хэндээ буулт хийх зүйлгүйгээр ширүүн өрсөлдөөн өрнүүлж чаддаг. Нэг жинд сайн өрсөлдөгч олон байх тусам бие биенээ ирлэн, хурцалж өгдөг. Б.Бат-Эрдэнэ бид хоёр эн тэнцүүхэн өгөө, аваатай барилддаг” гэж тэр үед ярьж байсан.
Тэрбээр “Х.Эрдэнэт-Од гавьяатын бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд сэтгэлээсээ хандан, бүхнээ зориулж, биеэ дайчилж чаддаг давуу чанарыг нь хүндэлж явдаг” гэсэн. Тэр хүсэл мөрөөдөлдөө хүрч Х.Эрдэнэт-Од гавьяатын удирдлага доор Улсын шигшээ багт бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Монголын эмэгтэйчүүдийн Улсын шигшээ багийн дасгалжуулагч асан Х.Эрдэнэт-Од гавьяат өөрөө дэлхийд данстай сайн жүдочин байсан болохоор түүний хэлсэн үг, заасан арга, мэх нь М.Уранцэцэгт үнэ, цэнтэй байсан гэсэн. Харин Риогийн ДАШТ-ий өмнө Ш.Цэвэлмаа багш Улсын шигшээ багийн дасгалжуулагч болсон түүнд том боломж, амжилтын үүд хаалгыг нээн өгчээ. 2013 оны ДАШТ-д Ш.Цэвэлмаа багштайгаа хамт явж дэлхийн аварга болсон билээ.
Монголын жүдогийн эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73, -100, +100 кг-ын жингийн тамирчид тив, дэлхий, олимпын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа. Дэлхийн аварга М.Уранцэцэгийн гаргасан амжилтуудыг тоочиж баршгүй. Тэрбээр 2005 оноос самбо бөхөөр барилдаж жилийн дараа 2006 онд самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлж амжилтын гараагаа эхэлсэн юм. Үүний дараа дэлхийн оюутны “Унирверсиад” их наадамд хоёр удаа оролцож мөнгө, хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн “Дэлхийн цом”, “Гран при”, “ Их дуулга” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж амжилтаа улам бүр баталгаажуулж байв.
Урнаа 2009 онд Тайванийн Тайбэйд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн. Улмаар 2012 онд Узбекийн Ташкентийн Азийн аваргаас алт, 2013 онд Тайландын Бангкокийн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Мөн түүнчлэн 2007 онд кураш бөхийн, 2009 онд самбо бөхийн дэлхийн аварга болжээ. 2013 оны Риогийн дэлхийн аваргаас алт, 2017 онд Будапештийн дэлхийн аваргаас мөнгө, 2019 онд Токиогийн дэлхийн аваргаас хүрэл медаль медаль авсан. Олон улсын жүдо бөхийн холбооны IJF world tour тэмцээнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль авч, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар шалгарч Геннисийн амжилтыг тогтоосон.
Үүнээс гадна Урнаа “МҮОХ”-ны оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно 2009” ёслолын ажиллагааны үеэр “Аваргуудын халаа” шагналыг анх түрүүн хүртэж байлаа. Тэр үед олгож байсан энэ шагналыг одоо бодоход үнэхээр “Нүдээ олсон” шагнал байжээ. Харин тухайн үед Урнаа тус шагналыг авсны дараа “Олимпын аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нарын “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын “Аваргуудын халаа” шагналыг хүртсэндээ баярлаж байна. Надад итгэж энэ шагналыг олгосон Цагаанаа ахдаа их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй амжилт гаргахыг хичээнэ. Цаашид итгэлийг чинь алдахгүй сайн барилдахыг хичээнэ ээ” гэсэн. Урнаа тэр хэлсэн үг, амлалтандаа хүрч өөрийн жингийн шилдэг өрсөлдөгч дэлхийн аварга японы бөх Харуна Асамиг ялж дэлхийн аварга болсон билээ.
Н.Отгонбаатар